Нийгэм

“Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлэг ӨНӨӨДӨР эхний дугаараа хүргэнэ

Нийтэлсэн

Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг өнөөдөр буюу “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.

Нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр 20:30 цагаас цацагдах бол цаашид долоо хоног бүрийн бямба гаригт энэ цагтаа эфирт гарна.

“ТВ8” телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийг үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа группээс санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдал, Монгол Улсын тусгаар тогтнолын бахархалт түүхийг тайз дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх юм.

Тус шоунд тайз, дэлгэцийн авьяаслаг жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нарын уран бүтээлчид хоёр багт хуваагдан өрсөлдөнө.

Багууд “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” зэрэг  ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэн, үзэгч та бүхний мэлмийд толилуулах болно.

Exit mobile version