Эдийн засаг

Э.Анар: Виртуал ханшийн өөрчлөлт, цахим халдлагын эрсдэлийг шинэ хуулиар зохицуулахгүй

Нийтэлсэн

Монголбанкнаас иргэдийг виртуал хөрөнгийг цахим мөнгөнөөс ялгаж болгоомжтой хандахыг сэрэмжлүүлсэн. Энэ талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.

 

-Монголбанкнаас виртуал хөрөнгө бол цахим мөнгөний шинжийг агуулдаггүй тул иргэдийг болгоомжтой байхыг анхааруулсан. Виртуал хөрөнгийн талаар энгийн ойлголтыг манай уншигчдад өгөхгүй юу?

-Сүүлийн жилүүдэд криптовалют, дижитал хөрөнгө, токен, койн гэсэн нэршлээр бидэнд танигдаад буй виртуал хөрөнгө дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Өнөөдрийн байдлаар виртуал хөрөнгийн зах зээлийн хэмжээ 1.7 их наяд долларт хүрсэн. Улс орон бүрийн Төв банк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулагч байгууллагаас тухайн улсад нийтээр хүлээн зөвшөөрч ашиглах албан ёсны мөнгөн тэмдэгтийг хуулийн хүрээнд батлан дааж, эргэлтэд гаргадаг. Харин виртуал хөрөнгийг аливаа орны Төвбанк, Засгийн газраас гаргаагүй, батлан даалтгүй бөгөөд тархмал бүртгэлийн системд суурилсан, блокчейн технологи ашиглаж байгаагаараа онцлог юм.  Бидний мэдэх уламжлалт бүртгэлийн системийг аливаа нэг этгээд удирдан, зохицуулж байдаг бол тархмал бүртгэлийн систем нь нэгдсэн удирдлага байхгүй, өөр өөр газар байрлаж буй компьютер сүлжээгээр дамжуулан гүйлгээний хүсэлт гаргах, баталгаажуулах, бүртгэл шинэчлэх ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой байдаг.

-Манай иргэд ямар төрлийн виртуалд хөрөнгө оруулах нь нийтлэг байна вэ. Ямар эрсдэлтэй вэ?

– Манай иргэдийн хамгийн сайн мэдэх виртуал хөрөнгөөр биткойн, этерийг нэрлэж болох юм. Хамгийн гол эрсдэл гэвэл мэдээж ханшийн маш өндөр хэлбэлзэлтэй. Үүний гол шалтгаан нь дээр хэлсэнчлэн виртуал хөрөнгө нь аливаа улсын Төвбанк, Засгийн газраас баталгааждаггүй. Зөвхөн  виртуал хөрөнгийн зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнээс хамаарч үнэ нь тогтдог. Хоёрдугаарт, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бус, тухайн улс орнуудын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч үнэ цэн нь  өөрчлөгдөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, зарим улсад бүхлээр нь хориглож байхад зарим улс төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт гэх мэт бүх талаар нь зохицуулсан эрх зүйн орчинг бүрдүүлж байгаатай холбоотой. Түүнчлэн, виртуал хөрөнгө нь цахим орчинд хадгалагдаж, арилжаалагдаж байгаа учир цахим халдлага, луйварт өртөх өндөр магадлалтай. Нэгэнт гүйлгээ хийсэн бол түүнийг буцаах, залруулах ямар ч боломжгүй байдаг.

-Виртуал хөрөнгөтэй холбоотой хуулийн төслийн ажил ямар шатанд яваа вэ. Хуультай болчихвол ямар асуудлуудыг тусгаж, шийдвэрлэх боломжтой болох бол?

– Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас виртуал хөрөнгө нь мөнгө угаах гэмт хэрэгт ашиглагдах өндөр эрсдэлтэй гэж үзэж, улс орнуудад зохицуулалт хийх шаардлагыг тавьж, холбогдох зөвлөмжийг шинэчлэн гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулан, ХЗДХЯ-нд хүргүүлсэн.  ХЗДХЯ-наас тус хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авч дууссан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна. Виртуал хөрөнгө нь шинэ технологид суурилсан, хурдацтай өөрчлөн шинэчлэгдэж байгаа учир бид эхний ээлжинд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт зөвшөөрөл олгохоос илүүтэйгээр зохицуулагч байгууллага дээр бүртгэн авч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор холбогдох шаардлагуудыг тавьж, хяналт тавин ажиллахаар хуулийн төсөлд тусгасан. Харин ханшийн огцом өөрчлөлт, цахим халдлага, үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээнээс үүдэн харилцагчид учирч болзошгүй эрсдэлийг тус хуулиар зохицуулахгүй тул иргэд эрсдэлээ тооцсоны үндсэн дээр виртуал хөрөнгө арилжих, хөрөнгө оруулахыг зөвлөмөөр байна.

-Төгрөгтэй адил үнэ цэнтэй, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан цахим мөнгийг виртуал хөрөнгөөс хэрхэн ялгах вэ. Одоогоор цахим мөнгө албан ёсоор гаргасан ямар байгууллагууд байна вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос мөрдөж эхэлснээс хойш Монпэй (Monpay), супер апп хэтэвч, Ард кэш, Төгс цахим хэтэвч, Покет(Pocket), Хайпэймэнт солюшнс ХХК гэсэн зургаан цахим мөнгөний зөвшөөрлийг Монголбанкнаас олгоод байна. Цахим мөнгө гэдгийг ерөнхийд нь төгрөгийн цахим хэлбэр гэж ойлгоход болно. Өөрөөр хэлбэл, нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцэнэ. Цахим мөнгө нь төгрөгт, төгрөг нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг. Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн гаргасан цахим мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон 100 хувь “Баталгааны дансанд” байршуулдгаараа онцлог юм. Ингэснээр тухайн цахим мөнгө гаргагч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн харилцагчийн цахим мөнгөний хохирлыг барагдуулах зорилгоор ашиглах юм. Харин виртуал хөрөнгийн хувьд үнэ цэн нь тогтмол өөрчлөгдөж байдаг, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах тогтолцоо байхгүй. Эрх бүхий байгууллагын зохицуулалтгүй үйл ажиллагаа гэдгийг энд дахин нэмж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)

Exit mobile version