CRI Монгол радио

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийг нээлттэй мэтгэлцээнд урилаа

Нийтэлсэн

Лхагва гарагт ABC теле сувгаар ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсоны төлөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “шангаа хүртэх ёстой” гэж мэдэгдсэн юм.

Өмнөх өдөр нь АНУ-ын тагнуулын төв байгууллага 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд Москвагийн эрх баригчид өөрийн тагнуулын сүлжээг ашигласан тухай дүгнэлтээ танилцуулж байв.

Байден бас ОХУ-ын ерөнхийлөгчийг “зүрх сэтгэлгүй алуурчин” гэж бодож явдгаа ярьсан юм.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин телевизээр ярихдаа ойрын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгчтэй видео холбоогоор нээлттэй мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Намайг бага байхад тоглож байгаад маргалдсан хүүхдүүд бие биедээ ‘хүн бусдыг өөртэйгээ адилхнаар төсөөлдөг’ гэж хэлдэг байсан. Энэ бол хүүхдийн яриа төдий зүйл биш. Цаанаа сэтгэл зүйн гүн утга учиртай. Бид бусдаас өөрийнхөө зан чанарыг түрүүлж хайдаг. Бусдын талаар дүгнэлтээ ингэж хийдэг” гэж Путин ярьжээ.

Нэг үгээр хэлбэл Америкчууд өөрсдөө алуурчин учраас өөрийг нь адилхан алуурчин мэтээр төсөөлж байгаа гэж тэр хэлсэн юм.

АНУ-ын эрх баригчид Америк тивийн уугуул иргэдийг хэрхэн хоморголон хөнөөсөн, дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөгөөр энгийн номхон иргэдийг бөөнөөр нь устгасан зэрэг түүхэн баримтуудыг Путин энэ үеэр дурдсан байна.

“Хэдийгээр тэд биднийг өөртэйгөө адилхан гэж бодож байгаа ч бид бол тэс өөр хүмүүс. Бид өөр гентэй, өөр соёлтой, өөр ёс суртахуунтай” гэж Путин хэлжээ.

Жо Байдены ярилцлагын дараа ОХУ-ын гадаад хэргийн яам Вашингтон дахь элчин сайдаа Москвад дуудаж, хоёр улсын цаашдын харилцааны талаар хэлэлцэхээр болсноо мэдэгдсэн юм.

ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов маргааш буюу Бямба гарагт Вашингтоноос Москвад ирэхээр болжээ.

Эх сурвалж: BBC, Russia Today

Exit mobile version