Дэлхий

Зарим улсад дархлаажуулалт удааширч, газрын тосны үнэ буураад байна

Нийтэлсэн

Зарим улсад вакцинжуулалт удааширч байгаа нь эдийн засгийн сэргэлт болон түлшний эрэлтийн төлөвт сөргөөр нөлөөлж, газрын тосны үнэ буураад байна.

WTI төрлийн газрын тосны фьючерс үнэ таван өдөр дараалан буурсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн урт хугацаагаар буурсан үзүүлэлт болж байна. Мөн брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн их хэмжээгээр унажээ.

Хоёрдугаар сард АНУ-д цаг агаар эрс хүйтэрч, цахилгаан тасалдсанаар тус улсын өмнө зүгийн мужууд дахь боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саатсан юм. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаа одоо ч бүрэн сэргээгүй байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт тааруу хэвээр байна. Энэ нь үнэ буурахад нөлөөлж буй бас нэг хүчин зүйл болж байгаа юм.

Хэдий тийм боловч газрын тосны үнэ 2021 он гарснаас хойш нийт 20 орчим хувиар өсөөд байна. Урт хугацаандаа газрын тосны эрэлтийн төлөв эерэг байгаа ч ойрын хугацаанд эрэлт буурах хандлагатай байгааг шинжээчид онцолж байна.

Баасан гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.15 хувиар буурч, баррель нь 63.7 ам.доллар болоод байна. WTI-ийн хувьд 0.53 хувиар буурч, баррель нь 60.32 ам.доллар болжээ.

Б.Батцэцэг

Exit mobile version