Нийгэм
Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүх чухал
Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай. Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа өвчлөл хүндрэх, нас баралтыг үлэмж багасгадаг гэдэг нь нотлогдсон. Манай улсад эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тохиолдол гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Нийслэлийн хэмжээнд 171535 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Тодруулбал,
Худалдааны байгууллагын 31513
ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан 25731
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын 22774
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11403 дархлаажуулалтад хамрагдаад байна.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай суманд 414 хүн вакцины эхний тунг хийлгэсэн. Хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хүн амын 60 хувь нь 18-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд тэдгээр бүх хүнийг дархлаажуулалтад хамруулах юм.
Дэлхийд хамгийн багадаа нэг улсад хэрэглээнд нэвтэрсэн 13 вакцин байна. Үүний есийг яаралтай горимоор ДЭМБ бүртгэсэн. Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих арга барилд суралцаж, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах тустай. Мөн хангалттай унтаж амрах чухал.
Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг анхаарууштай гэлээ.