Эдийн засаг
2021 онд “Mongolian Mining Corporation”-ийн орлого өсөх төлөвтэй
Mongolian Mining Corporation” 2020 оны тайлангаа танилцуулав. “S&P Global Ratings” тус компанийн 2021 оны үйл ажиллагааны төлөвийн талаар мэдээлэл гаргаад байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, коксжих нүүрсний үнэ өссөнөөр 2021 онд “Mongolian Mining Corporation”-ийн хүү, татварын өмнөх орлого 185-200 сая ам.доллар болж өсөх төлөвтэй гэж “S&P Global Ratings” тооцоолсон байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 142 сая ам.доллар байсан аж.
2020 онд “Mongolian Mining Corporation” нийт 4.2 сая тонн нүүрс борлуулснаас 3.1 сая тонн нь хатуу коксжих нүүрс байсан бол 2021 онд энэ хэмжээ дөрвөн сая тонн болж өснө гэжээ.
Гашуунсухайт-Ганцмод боомт дахь “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа 2021 оны туршид үргэлжлэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч нүүрс тээврийн жолооч нараас шинжилгээ авах хугацааг богиносгох арга хэмжээ авснаар боомтын үйл ажиллагаа эрчимжиж, нүүрсний нийлүүлэлт өсөх төлөвтэй гэж үзэж байгаа аж.
Гангийн эрэлт өсөж, коксжих нүүрсний нийлүүлэлт хумигдсанаар сүүлийн зургаан сарын хугацаанд БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус компанийн борлуулж буй хатуу коксжих нүүрсний дундаж үнэ 2021 онд тонн тутамдаа 125-130 ам.доллар хүрнэ гэж тооцоолсон байна.