Эдийн засаг

Гашуунсухайт-Ганцмод боомтоор ачаа тээврийн нэг ч автомашин БНХАУ-ын тал руу нэвтрээгүй байна

Нийтэлсэн

“Оюу Толгой” ХХК-ийн ажилтнаас “COVID-19”-ийн халдвар бүртгэгдсэний дараа Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт БНХАУ-ын тал хязгаарлалт тогтоох болсныг “SXCoal” мэдээлээд байна. Гуравдугаар сарын 17-ны байдлаар тус боомтоор ачаа тээврийн нэг ч автомашин БНХАУ-ын тал руу нэвтрээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоог 200 болгож бууруулна гэж “SXCoal” мэдээлсэн юм. Түүнчлэн халдварын тархалт цаашид эрчимжвэл түр хугацаанд нүүрс тээврийн автомашинуудыг гаалиар нэвтрүүлэхгүй байх магадлалтайг дурджээ. Үүнтэй зэрэгцээд “Оюу Толгой”-д анхны сэжигтэй тохиолдол илэрснээс хойш зэсийн баяжмалын тээвэрлэлтийг компанийн зүгээс түр зогсоогоод байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Одоогийн байдлаар Ганцмод боомт дахь агуулахуудад Монголын экспортолсон 600 мянган тонн нүүрсний нөөц байгаа гэж мэдээлэв.

“Fenwei Energy”-ийн тооцооллоор гуравдугаар сарын 15-ны байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногийн дүнгээс 40 юаниар буурч, тонн нь 1290 юань болоод байна. Харин түүхий коксжих нүүрсний үнэ 60 юаниар буурч, 1010 юань болжээ.

Exit mobile version