Нийгэм

Б.Алтанбаяр: Мандах адуу бол Самдан, Даш гэдэг хоёр хүний цуглуулж өгсөн хурд юм

Нийтэлсэн

Дорноговь аймгийн Мандах сумын уяач  Баатарын Алтанбаяртай хөөрөлдлөө. Аймгийн алдарт уяач, 2020 онд “Алтан унаганы эзэн” энэ эр морь, бөх сайн мэддэг удам дамжсан уяач хүн юм.


-Танай адууны угшлыг сонирхвол аль нутгийнх вэ?

-Манай аав сумын алдарт уяач хүн байлаа. Социализмын үед малчин өрх 75 малтай байж болно гэж зөвшөөрдөг байлаа даа. Манайх ганцхан азарга адуутай, жижигхэн бор азаргатай. Тэрийг Өндөршилийн Гүр адууны азарга гэж ярьдаг байсан.

Аав минь 1986 онд Самдангийн өргөмөл хүү Дашнямаас нэг зээрд даага 1000 төгрөгөөр авч, азарга тавьсан. Тэр даага улсад хамгийн олон түрүүлсэн, айрагдсан Самдан гуайн хамар цагаан борын төрсөн дүү, хамар цагаан хүрэн азаргын төл гэсэн. Тэрний удам угшил өшөө ч бий. Би ер нь адууны хообийтой, газар газраас олон адуу цуглуулсан даа. Улсад дөрөв түрүүлж, гурав айрагдсан Морин тойруулгын Солонго цавьдарын  тав, зургаа дахь үеийн  есөн азарга байна.

Сүүлийн үед Сайхандулааны Бүрнээбаатар гэдэг хүний азарга аймаг, бүсийн наадам, жижиг наадамд их хурдан байгаа. Тэрний угшлын хориод адуу байна. Өмнөговь аймгийн А.Гантөмөрийн хурдан азарга аймаг, бүсийн наадамд арав гаруй айраг, түрүү авчихлаа. Тэр манай хадам ах, аймгийн алдарт уяач О.Мөнхбат гэдэг хүний унаган азарга юм. Тэрэнтэй эцэг нэгтэй гурван азарга байна. Газар газрын гайгүй гэсэн адуу болгоноос л азарга цуглуулсан л даа.

-Та МҮОНРТ-ээс шалгаруулдаг “Алтан унаганы эзэн” юм билээ. Хэдэн адуу тоолуулж, энэ цолыг хүртэв дээ?

-Сумандаа би гурван жил адуугаараа тэргүүлсэн юм.  2020 онд юм даа. 360 хэдэн адуу, 101 унага тоолуулсан амжилтаар “Алтан унага”-ны эзэн болсон. Тэгэхэд миний төрсөн дүү Б.Батбаяр, манайхан “Ажнай” гэдэг, Улсын аварга малчин болоод, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гуай ирж, бид хоёрын шагналыг гардуулсан. Тэгэхэд нь би хэлсэн юм. “Сайхан байна аа, сайхан байна, аав ээжийн минь цуглуулж өгсөн буян. Ээжид минь та нэг үг хэлээд өгөөрэй. “Тэнгэрийн орноос аав нь харж байгаадаа хоёр хүү нь ийм байна даа” гэж. Ээж минь жигтэйхэн их баярласан.

-Та олон жил морь уяж байна уу. Хэдэн онд алдарт уяач болсон бэ?

-Сумын алдарт уяач цолыг 2012 онд, аймгийн алдартыг 2016 онд авсан юм. 1987 онд наймдугаар анги төгсөөд, Дорнодын хөдөө аж ахуйн техникумд орсон юм. Тэгээд нутагтаа нэг ирчихээд, хар багын морь,  малд дуртай хүн чинь буцаж яваагүй. Тэр чигтээ л хөдөө гарсан. Морь уяад 30 гаруй жил болж дээ.

-Танай нутгийн адууны онцлог юу байна?

-Мандах адуу бол хурдтай шүү. Самдангийн хамар цагаан борууд, Дашийн буурлууд гэсэн хоёр том угшил манай суманд байна даа. Манай нутгийн Самдан гуай жин тээж,  мал тууж явж байгаад хойд зүгээс азарга, үрээнүүд их авчирдаг байжээ. Хүргэн ах нь гэсэн байх аа, 1960- 1970-аад онд амьдарч байсан Лувсаншарав гэдэг хүн морь сайн таньдаг байж. Самдан гуай авсан адуугаа Лувсаншарав гуай дээр авчраад “За би Төв аймгаас тийм удамтай азарга авчирсан шүү, энэнд сайн гүү хураалгаарай” гэдэг байж. Олон жил мал тууж байгаад, нэг л өдөр “Одоо би морь уях болсон” гээд нас болгоны зургаан адуу бариад, тарлаж сунгаж байгаад Наадамд зургаан адуутай очоод, таван түрүүг нь авч байсан гэж манай нутгийнхан ярьдаг юм. Би Самдан гуайг сайн мэднэ. Амны хишигтэй байхаар том амтай сайхан өвгөн байсан.

Бас Монгол Улсын гавьяат малчин Дашийн Гэрэл гэж хүн бий. Д.Гэрэл гуайн өргөж авсан эцэг Дашийн буурал адуунууд их хурдтай. Манай Долдугаар ноён хутагт Агваанлувсандамбийжанцангийн Даншигт айрагддаг байсан шарга азаргыг адуундаа тавьсан ах дүү хоёр лам өвгөн байжээ. Даш гуай тэр хүний адуучин байж. “Чи алийн болгон манай адууг маллах вэ, айл болох гэж байгаа юм шиг байна, азарга адуу тасдаж  аваад явдаа” гэж. Тэгэхэд нь нөгөө ноён гэгээний шарга азарганы үр удмыг бүгдийг ялгаж аваад гарчээ. Тэгэхээр Мандах адуу бол Самдан, Даш гэдэг хоёр хүний цуглуулаад өгсөн, уяж чадах юм бол хэдэн үеэрээ сайхан хурдлах адуу юм. Одооны залуучууд сайхан сайхан селекц хийж байна аа. Монголд цуутай Хашбатын хонгор азарга чинь манай сумын Нямдорж гэдэг хүний хурдан хүрэн азарганы төл шүү дээ.

-Наадмаар нутагтаа л наадаад өнгөрдөг үү?

-Ханшны ногоо, адууны тарга хүчээс болоод Алдарт болсноосоо хойш аймагтаа нэг ч удаа очоогүй байна. Сумын начин болчихоод сумынхаа наадамд нэгийнхээ даваанд унаад байна гэдэг шиг аймгийн алдарт уяач болчихоод морь хойгуур давхиулмааргүй байна. Ногоотой, хурдтай,  эрлийз,  монголыг ялгадаг болсон үед очиж уралдах бодолтой. Манай энд сүүлийн гурав, дөрвөн жил огт ханшны ногоо идсэнгүй. Аймагт уралдах морийг зургаадугаар сараас бэлдэж байх байтал чинь тэжээл л идсэн байдаг, ханшны ногоо зулгаахгүй болохоор аймаг руу явж болохгүй байна.

-Танайх ямар зүсмийн адуутай байна?

-Манай аав дээр үед зургаан насны зургаан зээрд адуу уядаг байлаа. Тэгээд би зээрд адуу их сайхан юм байна гэж бодож байтал сүүлд удам угшлыг нь харж азарга авсаар хонгор голцуу адуутай болчихсон.

-Та алдарт уяачийн хувьд эрлийз адууны талаар гарч байгаа маргааныг юу гэж бодож байна?

-Би өөртөө авч хэрэг болгоогүй болохоор тэгдэг юм уу, яг хөдөөгийн хөх уяачид минь бүгд эрлийз адуутай болж чадаагүй гэдэг утгаараа наадамд уралдуулахдаа ялгах нь зүйтэй юм болов уу даа гэж боддог. Сүүлийн үед шинээр орж байгаа залуучууд “Би эрлийз адуу байхгүй болохоор монгол адуутай уралдахгүй юм байна аа” гээд морь сонирхохоо больж байна.

-Амжилтаасаа уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Би залуудаа голцуу овооны наадамд уралддаг байсан. Аймагт гурав, дөрвөн удаа очсон. Зун Наадмаар очиж, нэг морь тавлуулаад, хоёр улсын бүс болоход нь нэг их нас долоолоод, нэг их морь 12-лаад, Хутагтын хурдад нэг морь аман хүзүүдээд. Жижиг наадмаас авсан 250 гаруй айраг, түрүү байдаг юм. Тэрнээс 200 нь дандаа их мориных.

-Их насандаа сайн юм байна даа…

-Гайгүй байсан юм болов уу. Манай дүү нар ч “Алтан ах их морины тэнгэртэй дээ” гэдэг юм. Би чинь сумынхаа 90 жилээр, зургаан их морь уясан. Хүн хэлж байсан. “Таван их морь уядаг байхад Алтанбаяр солиороод зургаан их морь уялаа” гээд. Мандахад хагасыг нь уралдана, Хөвсгөлд, Хатанбулагт, Өмнөговьд уралдана. Өчнөөн газар уралдана, ахиад нэг юм байж байхгүй бол нэг юманд уралдаж байтал дараагийн наадамд дуусчихна шүү дээ. Тэгээд суман дээрээ гурван их морь мордуулсан юм. Нэг морь дөрвөөр орлоо. Орой нь Монгол улсын гавьяат малчин Р.Энхтайван гэдэг айлд сууж байсан чинь “За миний дүү дөмөг бага адуу байгаа юу?” гэж байна. Маргаадар нь соёолон, хязаалан, шүдлэн уралдах гэж байгаа. “Би хоёр соёолонтой, хоёр хязаалантай, даагатай. Байгаа л” гээд тавьчихлаа. “Ямар юм байгаа юм?” гэж байна. “Морь барианы цэнхэр хашаанд би унаган зээрд үрээтэйгээ ямар ч байсан орно оо. Аз байвал хоёр адуутай орно шүү хязаалан дээр. Халиун үрээгээ би аавынхаа нэр дээр мордуулсан, зээрд үрээ миний нэр дээр мордог” гэлээ.

Маргаадар нь наадам болоод соёолон уралдсан чинь 12, 13-аар орлоо. Хязаалан мордсон миний аавын нэр дээр мордсон халиун үрээ түрүүлээд, миний зээрд үрээ аман хүзүүдээд. Тэгэхэд Р.Энхтайван гуай надад уйлаад хэлж байсан. “Миний хүү ёстой мундаг зөв юм хийлээ” гэж. Аавтайгаа зэрэгцээд зогсож байхад сайхан байсан. Хойтон нь, 2015 онд бурхан болсон доо аав минь.

-Танай аав хэдэн насны морь мордуулдаг байсан бэ?

-Манай аавын хамгийн оргил наадсан нь 1989 онд юм. Азарга зургаалаад, их морь түрүүлээд, соёолон түрүүлээд, хоёр хязаалан гурав, дөрвөөр ороод. Тэгэхэд манай дүү унаж хурдлуулсан юм. Дүүг маань унахаа байхаар хүний хүүхэд гуйж унуулснаас хойш манай аавын айраг  цоохорлох болсон. Бодож байсан чинь хүүхэд нь морь унаж байхдаа л адуу нь онцгой хурдан байсан байна лээ.

-Та Монголын тод манлай уяачдаас хэнтэй уулзахыг хүсдэг вэ?

-Би Дундговь аймгийн Дэрэнгийн Батчулуун гуайтай уулзаад, адилхан говийн хүн байна, сайхан яриад суух юм сан гэж боддог юм. Алдарт, манлай уяач нарынхаа ярихыг зурагтаар харна аа, уйдахгүй.  Дундговь аймгийн Дэрэнгийн Батчулуун гуай “Эр хүний аз хийморь, ёндоо хоёр оргил цагтаа хүрэхээр их морь түрүүлдэг юм. Жилд нэг их морь түрүүлсэн байхад дээр хүн гарч суудаггүй юм даа” гэж хэлэхэд дээшээ огшиж,бэлгэшээж байсан. Сүүлийн хоёр гурван жил цаг муу байгаад хол ч уралдаж чадсангүй. Энэ жилээс ганц хоёр битүү морь уях санаатай байна даа.

-Уяачийн эрдмээсээ хуваалцаач гэвэл та юу хэлэх вэ?

-Эхлээд морио сайхан зөв эдлэх хэрэгтэй. Урьд хүний хурдан азарга авчихаад ямар ч удамгүй гүүнд тавьж, тэрний дундаас суманд дажгүй уралдаад байдаг адуу төрөөд байсан. Одоо бол тийм биш. Хүн болгон адууг сайжруулсан болохоор тэрнээс илүү удамтай адууг  олж аваад уях хэрэгтэй. Тийм сайн адууг нэгдүгээрт судалж цуглуулах хэрэгтэй, тэгээд өөрөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Их л хөдөлмөр орно доо. Сүүлийн гурав дөрвөн жилийг хараад байхад хөдөөний малчин уяачид бараг хоцрогдох тал руугаа орж байна. Би 1998 онд сумандаа анх морь тэжээсэн юм. Тэр жил би хоёр их морь жижиг наадамд долоо түрүүлгэж, дөрөв айрагдуулаад, сумын шилдэг уяач болж байлаа. Одоо бол яг жүчээн дотор, зөвхөн морио уяж байгаа хүмүүсийн морь л давхиж байна шүү дээ. Морио ч сайхан тэжээсэн, өөрөө ч сайн уячихсан, үнэн сайн удамтай адуу байгаад хүүхэд олдохгүй бол бас хэцүү л болчихож байгаа юм.

-Уралдаанч хүүхдүүдийн эрхийг зөрчлөө гээд хот суурингийнхан их шүүмжлэх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Залууд миний хэдэн морь хурдалж байсан чинь миний хоёр хүүхэд, хэдэн дүү нарын ач. Морины хүүхэд хэцүү. Хөдөөний хүмүүс бол хүүхдээр унуулж байна. Хотын төвийн морь унаж мэдэхгүй, морь харахаар үнхэлцэг нь хагарах гээд байдаг хүн бол гуйгаад зохих хөлсийг нь өгөөд унуулж болно шүү дээ. Тод манлай уяач Онон гуайн Батбилэг гэхэд жаахан байхаасаа л морь унаад түрүүлж байсан, өнөөдөр хүүхэд нь унаж байна. Ганц хоёрхон хүний төлөөнөөс нийт уяачдыг харлуулж болохгүй байх аа. Энэ бол бидний өв соёл, өвгөдийн минь үлдээсэн мэдлэг шүү дээ.  Морь унахаар л хүүхдийн эрх гээд байдаг хэрнээ хүүхэд хулгайд алдчихад огт дуугарахгүй юм, энэ ямар учир вэ. Үнэхээр хүүхдийн эрх гэж хашгираад байдаг бол хүүхэд машинд дайрагдсан ч, эцэг эх нь анзаарахгүй байж байгаад түлчихсэн ч гэсэн дуугарах л ёстой. Гэтэл хүүхэд мориноос ойчиход өдөрт нь л мэдээлж байх юм. Үүний цаана ямар санаа байна вэ?

Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн үг санаанд ороод байна. “Аливаа нэг үндэстэн бахархлаа идвээс улс сөнөхийн шинж ээ” гэж. Уяачдыг нэг л их мөнгөтэй хүмүүс гэж бодох юм. Жилд морины даатгалд 200 мянган төгрөг авна гэнэ. Нэг наадам дээр очиход морины хүүхдийг 100 мянгаар даатгана, өөр наадам дээр очиход ахиад 100 мянган төгрөг авч байгаа юм. Ингээд оролдоод эхлэх юм бол бид ямар мөнгөө багтаасан улс биш дээ. Залуу улсууд нугарч эхэлнэ шүү дээ. Уяачдаа арай л дэндүү хавчаад байна уу даа.

-Хүүхдүүдээс чинь таныг залгамжлахаар уяач төрж байна уу?

-Би таван хүүхэдтэй юм. Том хүү ноднин айл болоод гарсан. Энэ жил Хөвсгөлийн нутагт нүүж яваа. Морь уяна гэж яриад байна. Тэрний дараагийн охин Багшийн дээд сургууль төгсөж ирчихээд байж байна. Дараагийнх нь хүү моринд дуртай, надын дэргэд байж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version