Дэлхий

Халдлагад өртсөн ч баатарлагаар биеэ хамгаалсан өндөр настны эмчилгээний зардалд хүмүүс $700,000-ыг хандивлажээ

Нийтэлсэн

Лхагва гарагт 76 настай хятад эмэгтэй АНУ-ын Сан Франциско хотын гудамжинд арьс өнгөөр ялгаварлах үзэлтний халдлагад өртсөн юм.

Тухайн үед 39 настай цагаан арьст эрэгтэй “Хятад!” гэж орилоод зам хөндлөн гарахаар хүлээж зогссон өндөр настан Ше Шаожэний нүүрэнд хүчтэй цохижээ. Гэтэл өндөр настан ойролцоо хэвтэж байсан модыг шүүрч аваад хариу довтолж, эрэгтэйг ноцтой гэмтээсэн байна. Халдлага үйлдэгчийг баривчилж, хэрэг үүсгэн шалгаж байгаагаа Сан Франциско хотын цагдаагийн газар мэдээлсэн юм.

Энэ үйл явдлын дараах нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг Хятадын сошиал ертөнцөд хүчтэй тарсныг хүмүүс 1.4 тэрбум орчим удаа үзжээ.Ше Шаожэн нь Хятадын Гуандун мужаас гаралтай хүн юм байна. Түүний баруун нүд хүнд гэмтэж, сэтгэл санааны гүн цочролд ороод байгааг охин нь хэвлэлд ярьжээ.

Өндөр настны ач хүү Жон Чэн саяхан GoFundMe платформ дээр эмээгийнхээ эмчилгээний зардалд хандив авах хуудас нээсэн нь нэг хоногийн дотор $726,000 oрчмыг цуглуулсан байна.

Хандивын аяны анхны зорилго нь $50,000 байсан боловч ийнхүү бараг 15 дахин өсжээ. Сүүлийн өдрүүдэд Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэг Америк даяар өсөх хандлагатай байна.

Сан Францискод гарсан энэ хэргээс нэг өдрийн өмнө Атланта хотод зэвсэгт этгээд Ази гаралтай зургаан эмэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарсан юм.

Эх сурвалж: BBC

Exit mobile version