Нийгэм

Т.Баярхүү: Найруулагч Б.Баатарыг тагнаж, чагнасан асуудлаар Б.Хурцаас мэдүүлэг авахаар дуудсан

Нийтэлсэн

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж, “Херо” энтэртайнментын захирал, найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга Б.Хурцыг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгөв.

Тодруулбал, 2014 оны үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмоны “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байх үед өгсөн ярилцлагаас хасагдаж, монтаж хийсэн бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан бөгөөд түүний дараа мөн “Херо” Б.Баатарын тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярьж буй бичлэг нь цацагдсан байдаг. Энэ асуудлаар Б.Баатар ТЕГ-т хандаж, өөрийг нь хууль бусаар тагнаж чагнасан асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан билээ. Тагнуулаас удтал шалгасны эцэст түүнийг нэр бүхий УИХ-ын гишүүний заавраар ТЕГ-ын дарга асан Б.Хурц тагнасан гэх мэдээллийг олж илрүүлсэн байдаг.

Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийхдээ “Тагнуулын Ерөнхий газарт найруулагч Б.Баатарын өгсөн гомдлын дагуу бичлэг хууль бусаар алдагдсан асуудлыг шалгасан. Мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд Гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хүмүүсийг дуудан шалгасан. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг дуудсан ч одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй.

Хоёр удаа дуудсан ч ирээгүй учраас дараа дараагийн нөхцөлд хуулийн дагуу арга хэмжээ авна. Эрүүгийн хуулийн дагуу хариуцлагын асуудал яригдана. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл нэмж өгөх боломжгүй” гэлээ. Б.Хурц нь найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудлаас гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн таван жил гаруйн хугацаанд цагдан хоригдсон Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх асуудлаар мөн давхар шалгагдаж байгаа юм.

Exit mobile version