Энтертайнмент

Францын Шударга өрсөлдөөний газраас Apple, IPhone-ийнхоо хурдыг зориуд удаашруулдгийг тогтоолоо

Нийтэлсэн

Францад DGCCRF нэртэй нэгэн айхтар байгууллага бий. Энэхүү товчилсон үсгүүдийг монголоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэмээн орчуулж болно. Тэгвэл уг байгууллагаас бидний барих дуртай IPone, Ipad-ыг үйлдвэрлэгч Apple компанид “Битгий давраад байгаарай” хэмээн хатуу анхааруулга өглөө. Тодруулбал 21 сая евро буюу 27 сая ам.долларын торгууль оногдуулчихаж.

Тус байгууллагад хоёр жилийн өмнөөс эхэлж олон зуун хэрэглэгчдээс гомдол иржээ. Гомдлын утга нь IPhone-ийн хуучин загварууд болох 6, 6S-ийг шинээр нь худалдан авсан боловч хурд нь өмнөхөөсөө удааширсан гэсэн агуулгатай байв. Мөн батерейных нь цэнэгээ барих чадвар хуучнаасаа дордсон гэдэг гомдол ч хангалттай олон ирсэн аж. Мэдээж хэрэг Европ даяар “watch dog” буюу “хоточ нохой” гэдэг нэрээрээ алдаршсан Францын DGCCRF” хэрэглэгчдээс ирсэн иймэрхүү гомдлын хариуд яаж зүгээр суух билээ. Тэд ямар Монголын Шударга өрсөлдөөний газрынхан биш дээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Хэдийгээр Iphone 6, 6S-ийг өнөөдөр хоцрогдсон загварууд гэж зарим хүн хэлж болох ч дэлхий даяар эдгээр гар утаснуудад хайртай үнэнч фэнүүд нь олон байдаг юм. Iphone 10, 11, 11Pro-г худалдан авах чадалтай хэрнээ зориуд тэгэхээс тэгэх гэж хуучин загваруудаар нь гангардаг өвөрмөц хоббитой олон сая хүн Европ төдийгүй дэлхийн олон оронд байдгийг мартаж болохгүй. Гэвч Applе-ийнхан харин энэ тухай мартсан бололтой.

Анх 2015 онд худалдаанд гарсан 6, 6S загваруудыг өнөөдөр ч тус компани Ази дах үйлдвэртээ үйлдвэрлэсээр байгаа юм. Гэвч үнэнч хэрэглэгчдийнх нь гомдоллосноор тухайн үед дээрх загваруудыг худалдан аваад дээр нь татаж уншуулахад төвөггүй сууж байсан зарим аппууд өнөөдөр шинээр нь худалдан авсан 6, 6S дээр өмнөхөөсөө удаан уншиж буй явдал. Үүнээс гадна урьдынхаасаа удаан цэнэгээ авдаг, бас илүү хурдан дуусдаг батерейг нэмэх хэрэгтэй.

Apple-ийн зүгээс хуучин загваруудынхаа батерейг өнгөрсөн жилээс сайжруулж, шинэчилсэн хэмээн удаа дараа тайлбар хийсэн ч Францын “хоточ нохой” болсон байгууллага тэдний үгийг сонсохыг хүссэнгүй. DGCCRF хэрэглэгчдээс ирсэн гомдлуудыг хангалттай үндэслэл гэж үзсэн тул ийнхүү дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндэд олон сая долларын торгууль оногдууллаа.

Гэхдээ мэдээж хэрэглэгчдийн гомдлыг бодитой гэдгийг нотлохын тулд технологийн өндөр түвшний шинжээчдийг оролцуулсан баг бүрдүүлсэн бөгөөд Европт хамгийн өргөн хэрэглэдэг сошиал сүлжээ болох Reddit дээр туршилт хийж үзжээ. Туршилтаар IPhone 6, 6S утаснууд тус платформыг анх худалдаанд гарч байсан үеийнхээсээ илүү удаан уншиж, өөр дээрээ татаж байгааг тогтоож. Харин мэргэжилтнүүдийн албан ёсны дүгнэлт “Apple компани арилжааны зорилгоор дээрх загварын утаснуудынхаа софтвэйр буюу програм хангамжийн үйлдлүүдийг зориуд санаатайгаар удаашруулсан тул . . .” гэж гарсныг хэлэх хэрэгтэй.

Хэрэв энэ үнэн бол Стив Жобсыг залгамжлагчид сүүлийн үеийн шинэ загваруудаа олон тоогоор худалдаалахын тулд хуучин утаснуудынхаа хүчин чадлыг зориуд бууруулахаар шийдсэн бололтой. Бизнесийн заль гэж л энэ байх даа. Гэвч шударга ёсыг эрхэмлэгч хөгшин европчууд энэ үйлдлийг монголчууд бидэнтэй адилхан заль төдийхөн гэж үзсэнгүй. Тэд үүнийг луйвар гэж үзжээ.

Эх сурвалж: BBC, Le Monde

Exit mobile version