Нийгэм

С.Энхболд: Вакцин хийлгэсэн нэг иргэн ХАЛДВАР авсан нь үнэн

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчидтэй уулзаж, КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эмнэлгийн орны нөөц 15 орчим хувь нь үлдсэн. Цаашид халдварын тоо буурахгүй бол энгийн эмнэлгүүдийг ашиглаж эхэлнэ. Ингэснээр халдваргүй иргэд үйлчилгээ авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тиймээс вакцинжуулалт, болон хөл хориог тодорхой үечлэлтэй тавихгүй бол эрүүл мэндийн салбар хүндрэх эрсдэлтэй байна. Нийтдээ 1742 ор бэлдсэн. Одоогоор 1476 өвчтөн эмчлүүлж байна. Ингэснээр 85 орчим хувийг ашиглаад явж байна. Вакцин хийлгээд халдвар авсан нэг тохиолдол гарсан. Манай ард түмэн вакцин хийлгэсэн учир халдвар авахгүй гэж ойлгоод байна. Эхний тунг хийлгэсний дараа халдвар авах эрсдэлтэй. Учир нь бие организм тухайн вирустай танилцана. Вирусийг устгах дархлалын эсүүд сэргэнэ. Ингэснээр 30-40 хувийн л хамгаалалт бий болно. Харин хоёр дахь тунг хийснээс 14 хоногийн дараа халдвар авахгүй байх хувь хэмжээ нэмэгдэнэ” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж байна. “Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байна. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг бууруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.

Exit mobile version