Дэлхий

“АстраЗенека” Европыг вакцинаар хангахгүй бол ЕХ хориг тавина гэв

Нийтэлсэн

Их Британи болон Европын холбооны хооронд “АстраЗенека”-гийн вакцины маргаан үргэлжилсээр байна. Хэрвээ “АстраЗенека” компани гэрээний дагуу ажиллаж, Европын улс орнуудыг вакцинаар хангахгүй бол Европын холбоо экспортын хориг тавина гэжээ.

Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений хэлснээр экспортыг зогсоох боломжтой ч Европын холбоо үүргээ биелүүлж хэлэлцээ хийхэд бэлэн байна гэв. Түүний хэлснээр АстраЗенека компани Европын холбоонд гэрээнд заасан вакцины хэмжээний 30 хувийг л нийлүүлсэн аж.

Тэрбээр “АстраЗенекад хандаж хэлэхэд та бүхэн эхлээд Европтой байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээд дараа нь бусад улсад нийлүүлнэ үү” гэжээ.

Пүрэв гарагт Европын улс орнуудын тэргүүн болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар цахим хурал хийхээр төлөвлөсөн байна. Мөн тухайн өдрөө европоос вакцин экспортлохыг хориглох эсэх талаар Брюссель хотноо болох Европын холбооны чуулганаар хэлэлцэх гэнэ.

Европын холбоо АстраЗенека компанийг нөхцөл байдлыг туйлшруулахгүй байж, гэрээний дагуу Европын орнуудыг вакцинаар хангахыг уриалж буй. Хэрэв Их Британи руу экспортлохыг түр зогсоовол тус улсын хүн амын вакцинжуулалт удааширч, Британийн эрх баригчид коронавирусийн хөл хориог сунгахад хүрнэ.

Вакцины үйлдвэрүүд их хэмжээний захиалгаа гүйцэтгэж чадахгүй байгаа бөгөөд Европын бүх оронд нийлүүлэлт удаашралтай байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version