CRI Монгол радио

Мьянмарт долоон настай охин цагдаа нарт буудуулж алагджээ

Нийтэлсэн

Өчигдөр Мьянмарын хоёр дахь том хот Мандалайд дэг журам сахиулж байсан цагдаагийн хүчнийхэн гэртээ байсан долоон настай охиныг буудаж, амийг нь хөнөөсөн байна.

Хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн тус улсад төрийн эргэлт хийснээс хойш алагдсан энгийн иргэдийн дотроос хамгийн залуу нь энэ охин юм.

Save The Children хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй хүүхэд цэрэг, цагдаагийн гарт амиа алдсан байна.

Өчигдөр Мьянмарын цэргийн дэглэмээс гаргасан мэдэгдэлд тэмцэгчдийн эсрэг аль болох бага хүч хэрэглэхийг хичээж байгаа ч улс оронд анархизм тогтоох гэсэн тэдний үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй байгааг тайлбарлажээ.

Жагсаал тэмцлийн үеэр нийт 164 энгийн иргэн алагдсаныг уг мэдэгдэлд дурдсан байна. Харин AAPP (Assistance Association for Political Prisoners) хүний эрхийн байгууллага нийт 261 хүн амиа алдсан гэж мэдээлжээ.

Мьянмарын хэвлэлүүдийн мэдээлснээр цагдаагийн хүчнийхэн гэртээ байсан охины аав руу буудахдаа өвөр дээр нь суусан охины амийг хөнөөсөн байна. Суманд оногдсон охиныг түргэн тусламжийнхан эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ.

Охины ах болох 19 настай залууг өчигдөр цагдаа нар гэрээс нь баривчилжээ. Энэ аллага гарахаас нэг өдрийн өмнө мөн Мандалай хотын гудамжинд 14 настай хүү буудуулж алагдсан юм.

1948 онд Британийн колоничлолоос чөлөөлөгдсөнөөсөө хойших ихэнх хугацааг Мьянмар улс цэргийн дэглэм дор өнгөрөөжээ. 2010 оноос эхлэн нийгэм алгуур өөрчлөгдөж, 2015 онд анхны чөлөөт сонгууль явуулж байв. Дараа жил нь Мьянмарын ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн Аун Сан Сү Чигийн нам засгийн эрхийг авсан юм. Гэвч Мьянмарын ардчилсан нийгэмд шилжих шилжилт богино настай байж, энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн дахин цэргийн дэглэм тогтоод байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version