Дэлхий
АНУ: Хойд Солонгос баллистик пуужин хөөргөөгүй тул ноцтой зөрчилд тооцохгүй
Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг Америк болон Хойд солонгосын харилцаа хамгийн ихээр татаж байна. Учир нь Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэд хэдэн пуужин туршсан нь Жо Байденг албан тушаалаа хүлээн авснаас хойших анхны цөмийн зэвсгийн туршилт байсан гэж Америкийн гурван албан тушаалтан өчигдөр мэдэгдлээ. Энэ цөмийн зэвсгийн туршилтыг Ким Жон Уны Хойд Солонгост анхаарлаа хандуулахыг шаардаж Жо Байдены Засаг захиргаанд өгч байгаа дохио хэмээн албаныхан үзэж байна.
Гэвч “Хойд Солонгос баллистик пуужин биш богино зайн пуужин, их буу эсвэл далавчит пуужин хөөргөсөн бол ноцтой зөрчилд тооцохгүй. Тус улстай дипломат харилцаа тогтоохоос зайлсхийхгүй” гэж АНУ-ын нэг албан тушаалтан “CNN”-д ярьжээ. Байден ч пуужингийн туршилтыг сүртэй зүйл хэмээн хүлээж аваагүй ч АНУ-ын Армийнхан үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа юм. Энэ тухай ахлах албан тушаалтан “Хойд Солонгосыг тойрсон нөхцөл байдлаас илүү сонор сэрэмжтэй байх нь чухал. Тиймээс манай хүчнийхэн үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг. Олон төрлийн пуужин турших нь Хойд Солонгосын хувьд энгийн үзэгдэл байж болох юм. Гэхдээ бид туршилт болгонд олон нийтийн өмнө хариу үйлдэл үзүүлэхгүй” гэж ярьсан байна.
Харин АНУ-ын удирдах албан тушаалтнууд болон холбоотон улс Өмнөд Солонгос, Япон ч энэ туршилтын талаар юу ч дуугарсангүй. Гэхдээ Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан ирэх долоо хоногт Вашингтонд Япон болон Өмнөд Солонгосын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзахдаа энэ асуудлаар нухацтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэв. Үүнээс өмнө Хойд Солонгос Байдены шинэ Засаг захиргаа руу анхны цөмийн зэвсгийн туршилтаа хийхээр бэлтгэж байгааг АНУ-ын Тагнуулын алба өнгөрсөн долоо хоногт анхааруулж байв. Тиймээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Япон Болон Өмнөд Солонгос руу айлчлах үеэр АНУ-ын албаны хүмүүс бэлтгэлтэй байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.25 ПҮРЭВ № 58, 59 (6535, 6536)