Улсын их хурал
Вакцинжуулалтад Дэлхийн банкны ОУХА-ийн хөнгөлөлттэй зээлийг ашиглана
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусийн халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалт хийх төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Энэхүү төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх, тарилгын дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээнд нийт 8,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.
Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс