Энтертайнмент

ОХУ-ын баг тамирчид медаль зүүхдээ Чайковскийн хөгжмийг эгшиглүүлэхийг хүсэж байна

Нийтэлсэн

Системтэйгээр сэргээш хэрэглэдэг байсан нь илэрсний дараа ОХУ-ын баг тамирчдыг хоёр жилийн хугацаанд улсынхаа нэрийн өмнөөс дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцохыг нь хориглосон билээ. Ингэхдээ бас төрийн туг далбаа, төрийн дуулал ашиглахыг нь хориглосон юм.

Саяхан ОХУ-ын үндэсний олимпын хороо төрийн дууллын оронд “Катюша” дууны аяыг шагнал гардуулах ёслолын үеэр эгшиглүүлэх санал гаргасныг нь Олон Улсын Спортын Арбитрын Шүүх зөвшөөрөөгүй.

Тэгвэл одоо Оросын 19 дүгээр зууны хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн хөгжмийг ашиглах санал гаргажээ. ОХУ-ын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков “Бид энэ санал дээр бүх талуудтай тохиролцоонд хүрээд байгаа. Олон Улсын Олимпын Хороо удахгүй манай саналыг батална гэдэгт найдаж байна” гэж өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Арбитрын шүүх өмнөх саналыг буцаахдаа “Оростой холбоотой ямар ч хөгжим байх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Поздняковын үзэж байгаагаар Чайковский орос хүн мөн боловч, дэлхийн хэмжээний уран бүтээлч тул санал нь батлагдах боломжтой гэнэ.

Энэ зун болох Токио 2020 зуны олимпын наадамд Оросын тамирчид “ROC” нэрээр, өөрийн үндэсний олимпын хорооны далбаан дор оролцох юм.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version