CRI Монгол радио
Шороон шуурганаас ургасан бодол
Урин дулаан хавар айлчилж, ертөнцийн түмэн бодис амилан, хүний сэтгэл тэнийж, хэдийгээр цар тахлын нөхцөл байдалд хүмүүс зайгаа барьж, амны хаалт тогтмол зүүх зэргээр халдвар хамгаалалтын чанга дэглэм барих хэрэгтэй болсон ч малгайн жавар үргээх гэсэн хүмүүс гэр орондоо тогтож ядна.
Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэдгээр яг энэ сайхан үед тэнгэр аав зангаа хувиргаж, хэдэн өдөр дараалан шороо болон цасан шуурга тавьж орхив.
Эх сурвалжид мэдээлснээр, 2021 оны 3-р сарын 14-15-нд хүйтэн урсгалын нөлөөгөөр Хятадын Шиньжяны өмнөд хэсгийн хотгор газрын баруун хэсэг, Ганьсү мужийн төв баруун хэсэг, ӨМӨЗО болон Шань Ши мужийн баруун хойд хэсэг, Хэ Бэй муж, Бээжин, Тяньжин зэрэг газарт элсэн болон шороон шуурга шуурч, сүүлийн арван жилийн турших хамгийн өргөн нутаг дэвсгэрийг хамарсан, хамгийн ноцтой гамшиг болсон юм.
Үүнээс өмнө буюу 3-р сарын 13-14-нд Монгол улсын ихэнх аймаг, ялангуяа Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт цагт 24-с 28 метрийн хүчтэй элсэн шуурга болон цасан шуурга шуурч хүмүүсийн эд хөрөнгө амь насанд ихээхэн хохирол учруулсан байна. Эдгээр шуурга Монгол улс, Хятад улсыг бүхэлд нь хамарч, цаашлаад Солонгосын хойг, Япон зэрэг орнуудыг хамарсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн арван жилд тохиолдоогүй энэ их элсэн шуурга Зүүн Азийн бүс нутгийг тэр чигээр нь цочролд оруулсан байна. Цочирдохын хажуугаар хүмүүс өөрийн эрхгүй яагаад гэдэг асуултыг өөрөөсөө асууж байгаа юм.
Энэ асуултад хариулахын тулд хамгийн түрүүнд цөлжилт гэдэг ухагдахууныг товчхон тайлбарлая. “Desertification” буюу “цөлжилт”-ийг хур тунадас багатай, ган хуурай, ургамалын нөмрөг нь эвдэгдсэн, бэлчээрийн даац хэтэрсэн, салхинд идэгдсэн, хөрс шороо нь хужиртсан зэрэг шалтгаанаас болсон байгалийн үзэгдэл гэж үздэг. Товчхондоо байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс шалтгаалдаг гэж дүгнэх ёстой байхаа.
Байгаль цаг уурын өөрчлөлт нь голцуу дэлхийн цаг агаарын дулаарал, түүний улмаар ган хуурайшилт, дараа нь цөлжилт гээд явдаг. Харин хүний хүчин зүйл гэвэл ургамлын бүрхэвчийг эвдэх, бэлчээрийн даацыг хэтрүүлэх байна. Үүнд малын бэлчээрт атар газар эзэмших, бэлчээрийн даацыг хэтрүүлж малжих гэдэг хоёр гол хүчин зүйл байгаа юм.
Хүн төрөлхтөн ийм бодит аюулд нүүрлэсэн учраас дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байна. Үүний тод жишээ 2015 оны 12-р сарын 12-нд тохиролцсон 178 орныг оролцуулсан дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах Парисын хэлэлцээр болох юм. Энэ бол дэлхийн хэмжээний арга хэмжээ.
Харин Хятадын хувьд холын жишээ дурдалгүй ойрын жишээ дурдахад 2019 оны 7-р сарын 27-нд ӨМӨЗО-ны Ордос хотод болсон “Хөвчийн олон улсын цөлжилтийн эсрэг форум”-ыг ярьж болно. Ордос хотод байдаг хөвчийн элсэн цөлд би нэлээн хэдэн жилийн өмнө зочилж байсан. Тухайн үед хүмүүс элсэн цөлд мод тарьж, тарьсан мод нь жилээс жилд олширсоор элсний хэмжээ багасаж, ногоон бүрхэвч нэмэгдэж буйг нүдээрээ харж байсан билээ. Тэд элсэрхэг газар тохиромжтой чацаргана, улаан сухай, бургас, чихэр өвс зэргийг тарьж, цаашлаад түүнийгээ чацарганын ундаа үйлдвэрлэх, чихэр өвсөөр архи нэрэх, бургасаар сагс гөрөх зэргээр жижиг хэлбэрийн аж ахуй болгон хөгжүүлж чадсан байлаа. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд Хөвчийн элсэн цөлийн туршлагыг дотооддоо дэлгэрүүлсэн бөгөөд хөвчийн элсэн цөлийг амжилттай зассан туршлагыг олон улсын хэмжээнд сонирхож, дэлхийн цөлжилтийн тухай тусгай форумыг хөвчийн элсэн цөл байдаг Өвөр Монголын Ордос хотод зохиодог болсон юм.
Та бүхэнд нэг сонирхолтой судалгаа харуулъя. Америкийн сансар судлалын газрын 2019 онд хийсэн судалгаагаар, 2000-2007 оны хоорондох 7 жилийн турших дэлхийн шинэ нэмэгдсэн ногоон бүрхэвчийн 1/4 нь Хятадын нутагт байж, энэ салбарт оруулсан Хятадын хувь нэмэр дэлхийд тэргүүлж байна. 2020 он гэхэд Хятадын цөлжсөн газрын талбай 1996 оны 2460 км-с багасаад 1980 км-т хүрсэн байна. Хятадын засгийн газар байгаль экологи хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпин дарга “Унаган байгаль маань алтнаас ч үнэтэй ” гэдэг уриа дэвшүүлж, 21-р зууны хүн төрөлхтний хөгжлийн явцад эрхбиш зохицуулах ёстой байгаль экологио хамгаалах амин чухал асуудлыг гярхайгаар таньж зохицуулж эхэлсэн юм. Стратегийн алсын хараатай энэ шийдвэрт бодлого нь бидний өнөөдрийн хөндөж буй сэдэвтэй нягт холбоотой юм.
2019 оны 7-р сарын 27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны Ордос хотод болсон “Хөвчийн цөлжилтийн эсрэг 7-р форум”-д илгээсэн баярын цахилгаандаа: Хүн төрөлхтөн нэг л гэр оронтой, цөлжилттэй тэмцэх ажил маань хүн төрөлхтний үүрдийн хөгжилд холбоотой аугаа үйлс юм. Олон улсын хамтын нийгэмлэг хамтаар хичээн ажиллаж, цөлжилтөөс сэргийлж цөлжилтийг засах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн экологийн засаглалыг дэмжиж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг бүх талаар хэрэгжүүлж, байгалийн үзэсгэлэнт төрхийг сэргээж, ард түмэнд аз жаргал эдлүүлэх ёстой гэсэн юм.
Уг хуралд Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат оролцож үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: Уг форум нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтод нийцэж байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэх чухал алхам юм. Форум маань цөлжилтөөс сэргийлэх, биологийн олон талт байдлыг хамгаалах, хүн төрөлхтний үйл ажиллагааны цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зэрэг талд маш идэвхтэй ач холбогдолтой юм гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ: Монгол улс бол дэлхийн цаг уурын дулааралд хамгийн өртөмтгий орны нэг юм. Цөлжилтийн асуудал ноцтой байна. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын нэг гишүүн болсны хувьд Монгол улс “Бүс ба зам”-ын санаачилгын хүрээнд Хятадын туршилтыг Монгол улсын холбогдох цөлжилтийн бүсэд нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.
Энэ хаврын элсэн шуурга бидэнд маш хүнд сэрэмжийн дохио өглөө. Бид хамтаар эх байгалиа хамгаалж, цөлжилтөөс сэргийлж, сайн сайхан амьдарлаа цогцлоон байгуулах нь яргуй нүдлэх ирэх хаврыг шороон шуургагүй угтан авахын угтвар нөхцөл болж буй юм.
Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлч: Г.Баатар