CRI Монгол радио

Токио 2020 наадмын экс босс дахин эмэгтэйчүүдийг доромжилсон үг хэлээд буруудлаа

Нийтэлсэн

Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори өнгөрсөн сард эмэгтэйчүүдийн талаар доромжилсон агуулгатай үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон юм.

Тэрбээр нэг хурлын үеэр эмэгтэйчүүд хэт их ярьдаг нь ажилд саад болдог тухай ярьж байжээ. Япон улсын ерөнхий сайд асан, 83 настай Мори сүүлд хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйсан ч албан тушаалаа өгөхөөс удтал татгалзаж байв.

Гэвч Японы олон нийтийн шахалтаар хэсэг хугацааны дараа албан тушаалаасаа огцорсон юм.

Тэр өчигдөр Токио хотод болсон нэгэн хүлээн авалтад оролцохдоо дахин эмэгтэй хүнийг доромжилсон агуулгатай үг хэлж, дуулиан тарьжээ.

Мори энэ удаа эрх баригч Либерал Ардчилсан Намын хууль тогтоогч Такео Кавамурагийн туслах эмэгтэйг доромжилсон үг хэлсэн байна.

“Намайг Кавамурагийн өрөөнд ороход нэг настай эмэгтэй байсан. Эмэгтэй хүн гэж хэлэхэд хэтэрхий хөгшдөхөөр” гэж Мори ярьжээ.

Ёширо Моригийн албан тушаалд Японы цөөн эмэгтэй улс төрчдийн нэг Сэйко Хашимото томилогдсон юм. Тэрбээр өмнөх даргын унагасан нэр хүндийг сэргээхийн тулд Токио 2020 наадмын зохион байгуулах хороонд эмэгтэйчүүдийг олноор оролцуулахыг хичээн ажиллаж байгаа.

Саяхан наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагч Хироши Сасаки мөн эмэгтэй хүнийг хэл амаар доромжилсныхоо төлөө албан тушаалаасаа огцорсон юм. Тэрбээр мяраалаг жүжигчин бүсгүй Наоми Ватанабэг олимпын нээлтийн ажиллагаанд гахайны өмсгөлтэй оролцуулах санаа гаргаж байсан нь ил болсноор огцрох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Kyodo News

Exit mobile version