Энтертайнмент
Түүхэнд анх удаа Оросын тамирчин бүсгүйчүүд Уран Гулгалтын ДАШТ-ий шагналын тавцанг бүрэн эзэгнэв
Шведийн нийслэл Стокгольм хотод зохион байгуулагдаж байгаа Уран Гулгалтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өчигдөр ОХУ-ын гурван тамирчин алт, мөнгө, хүрэл медалиудыг зүүж, түүхэнд бичигдэх амжилт тогтоожээ.
16 настай Анна Шербакова хоёр үзүүлбэртээ нийт 233.17 оноо авч, алтан медалийн болзол хангасан юм. Оросын тамирчин бүсгүйчүүд энэ төрөлд сүүлийн найман жил дараалан аваргалж байна.
Түүний араас Елизавета Туктамышева 220.46 оноогоор мөнгө, Александра Трусова 217.20 оноогоор хүрэл медаль тус тус зүүжээ.
ДАШТ (Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн)-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шагналын тавцанг Оросын тамирчид анх удаа бүрэн эзэгнэсэн нь энэ юм.
Өмнө нь Оросууд 1969, 1988 онуудад зөвхөн хосын төрлөөр ийм амжилт үзүүлж байжээ.
Дээрх гурван тамирчин 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхтэй болж байна. Сэргээштэй холбоотой хоригийн улмаас тэд улсынхаа нэрээр биш, Оросын Уран Гулгалтын Холбооны нэрэн дор ДАШТ-д оролцож байгаа юм.
Шагналын тавцанд гарахад нь ОХУ-ын төрийн дууллын оронд Пётр Ильич Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр концертын хэсгээс эгшиглүүлжээ.
Пүрэв гарагт ОХУ-ын Анастасия Мишина, Александр Галлямов нар хосын төрөлд алтан медаль зүүсэн бол Александра Бойкова, Дмитрий Козловский нар хүрэл медаль зүүсэн байна.
Өнөөдөр буюу Бямба гарагт эрэгтэй тамирчид мөсөн дээрх бүжгийн төрлөөр медалийн төлөө өрсөлдсөнөөр ДАШТ өндөрлөх юм.