Нийгэм

Г.Баясгалан: Ирэх сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурна

Нийтэлсэн

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн дарга Г.Баясгалангаас Монгол орны цаг уурын онцлог байдлын талаар тодрууллаа.

-Танай хэлтсээс сар буюу түүнээс дээш хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргадаг гэсэн. Сая гуравдугаар сарын дундуур тохиолдсон шороон шуурга, гамшигт үзэгдлийг ч урьдчилж анхааруулж байсан. Энэ хавар байгалийн гамшигт үзэгдэл дахин тохиолдох уу?

-Хаврын улиралд монгол орны уур амьсгалын онцлог нь салхи шуурга ихтэй байдаг. Энэ нь газрын гадаргаас дээш тав орчим километрийн өндөрт тропикийн бүсийн дулаан агаар хойд туйлын хүйтэн агаарын яг шилжилт нь монгол орны нутаг дэвсгэр дээр байрладагтай холбоотой. Тэгвэл ирэх сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15 метр секундээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурч болзошгүй. Тав болон зургадугаар сарын эхээр хуурайшилт ихтэй байх тул аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, гал, цог, нурмыг бүрэн унтрааж, болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлээрэй. Саяхан болсон Монгол нутгийг хамарсан хүчтэй шороон шуурганы талаар бид цахим хуудсаараа дамжуулан иргэдэд анхааруулж байсан. Тухайн сарын урьдчилсан мэдээг сар болгоны 25-нд гаргадаг. Сарын өмнө гаргаж байгаа мэдээлэл учраас хоёр, гурван хоногийн хэлбэлзэлтэй байдаг.

-Сонирхуулахад, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ямар жишээн дээр илүү харагдаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас Умард мөсөн далайн нэг хэсэг болох Баренцын тэнгисийн мөсөн бүрхүүл нь хайлж далай болсон. Далай болсноос үүдэн дулаан чийглэг агаарын масс зөөгдөх нөхцөл бүрдэж байгаа юм.

-Монгол орны уур амьсгал томоохон далай, тэнгисээс хамаардаг уу?

-Монгол орны уур амьсгал Атлантын далайгаас голдуу нөлөөтэй байдаг. Номхон далайн уур амьсгалын нөлөө харьцангуй бага боловч зуны улиралд нөлөөлж байдаг. Яагаад гэвэл Япон, Солонгосын орчинд их даралтын орон үүсэх юм бол манай оронд хур тунадас орох нөхцөл бүрддэг. Мөн Энэтхэгийн далай дээр муссоны улирал эрт эхлэх, орой эхлэхээс хамаараад манай орны найм, есдүгээр сарын цаг агаарт хамааралтай байдгийг судалж байгаа.

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version