Нийгэм

ШШГЕГ-ын тусгаарлах байрнаас 117 тохиолдол БАТЛАГДЖЭЭ

Нийтэлсэн

Өчигдөр /2021.03.26/  өглөөний 09:00 цагийн байдлаар батлагдсан коронавирусний 437 тохиолдлын 117 нь нэг газраас буюу ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүс гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэлж байна. ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан  285 иргэний 117-гоос нь халдвар илэрсэн аж.

Халдварын тоо  огцом өссөн харагдаж буй ч нэг газраас, нэг дор олон тохиолдол илэрснийг анхаарч үзэх хэрэгтэйг тэрбээр хэлж байна. Гэхдээ эрсдэл маш өндөр байгаа энэ үед өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, хяналтаас гарвал хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гэлтгүй  өнөө маргаашгүй  тавихыг ч үгүйсгэхгүй гэв.

Сануулахад, Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул УОК өчигдөр /2021.03.26/  хуралдан зарим шийдвэрийг гаргасан.

Нэгдүгээрт, Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг.

Хоёрдугаарт, халдварын тархалт өндөртэй байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын “Улаан түвшин”-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, халдварын тоо цаашид буурахгүй, тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд хаа хаанаа эрсдэл тархалтыг бууруулах чиглэлд анхаарч, хатуу шаардлага тавьж ажиллана. Ирэх өдрүүдэд халдварын тоог нэмэгдүүлэхгүй байхын төлөө холбогдох байгууллагууд ажиллах шаардлагатай.

Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорио тогтоосон тохиолдолд энэ хугацаанд вакцинжуулалтад онцгой анхаарч ажиллана. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дараагийн вакцины татан авалтууд орж ирнэ. “Синофарм” үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын “Спутник” вакцины сая тунгийн татан авалт эхэлснээр одоо байгаа вакцины нөөцтэйгөө нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна” гэсэн юм.

Exit mobile version