CRI Монгол радио

Мьянмарт өчигдөр цэрэг, цагдаагийн хүч жагсагчид руу гал нээсний улмаас 91 хүн алагджээ

Нийтэлсэн

Өчигдөр буюу Бямба гараг нь Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойших хамгийн их цус асгаруулсан өдөр болжээ.

Жагсагчид руу цэрэг, цагдаагийн хүч гал нээсний улмаас хамгийн багадаа 91 хүн алагдсан тухай AAPP (Assistance Association for Political Prisoners) байгууллага мэдээлсэн байна. Мьянмарын дотоод эх сурвалжуудын мэдээлснээр амь үрэгдсэн хүний тоо өчигдөр 114 хүрсэн гэнэ.

Цэргийнхэн төрийн эрхийг булааж авсан хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 400 гаруй энгийн иргэний амь үрэгджээ.

Аллага Янгон, Мандалай зэрэг том хотуудаас гадна Магвай, Могок, Кяукпадаунг, Маяангон зэрэг жижиг хот суурингуудыг оролцуулаад нийт 40 орчим газарт гарсан байна.

Алагдаж, шархдсан хүмүүсийн дотор тэнэсэн суманд оногдсон хэд хэдэн хүүхэд байгааг эрх сурвалжууд мэдээлжээ.

Өчигдөр Мьянмарт тус улсын зэвсэгт хүчний баярын өдөр тохиож, нийслэл Нэйпитау хотод цэргийн парад зохион байгуулагдсан байна. 1945 оны энэ өдөр Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Мьянмарын зэвсэгт хүчин эхний довтолгоогоо хийж байжээ.

Баярын арга хэмжээнд ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин оролцсон байна. Хятад, Энэтхэг, Пакистан, Вьетнам, Тайланд улсууд уг арга хэмжээнд сайдаас доод түвшний төлөөлөгчдөө илгээжээ.

Сүүлийн жилүүдэд Орос-Мьянмарын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Цэргийн дэглэмийн удирдагч, генерал Мин Аун Хлайн өчигдөр хэлсэн үгэндээ Орос улсыг өөрийн “жинхэнэ анд нөхөр” гэж магтжээ.

Генерал цэргийн баярыг тохиолдуулан телевизээр үг хэлэхдээ “Зэвсэгт хүчин энэ улсын ардчиллыг хамгаалахын төлөө байна” гээд Аун Сан Сү Чи тэргүүтэй улс төрийн хүчин хууль бус үйл ажиллагаа явуулж байсан тул төрийн эрхийг булааж авахаас өөр аргагүй байсныг ярьжээ.

Тэрбээр Мьянмарт ардчилсан сонгууль зохион байгуулахаа амласан ч хэзээ болох талаар ямар нэг хугацаа хэлээгүй байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version