Улс төр
Улсын онцгой комисс өнөөдөр хаалттай хуралдана

Өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хаалттай хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн өнгөрсөн бямба гарагт иргэний хувьд гаргасан санал болох “Цагаан сарыг энэ жилдээ цуцалж, иргэд айлаар явахгүй байх” талаар онцгой комисс шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт байна.
БНХАУ-д цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь коронавирусийн халдвар бусад мужуудаар тархах үндэс болсон хэмээн Хятадын эрүүл мэндийн байгууллагууд хүлээн зөвшөөрчээ. Тус улстай хил залгаа манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй бөгөөд Эрүүл мэндийн сайдын дээрх саналыг нийгмийн сүлжээгээр дэмжин түгээсээр байна.
Засгийн газрын 39-р тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гарсан ч Засгийн газрын тогтоолд хамрагдаагүй зарим боомт ажиллаж буй юм. Тэдгээрийн нэг нь Гашуунсухайт боомт юм. Тус боомтоор нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг бөгөөд одоо өдөрт нүүрс болон зэсийн баяжмал ачсан 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч байна. Гэтэл Гашуунсухайттай хиллэдэг, манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь бямба гарагийн орой лабораторийн шинжилгээгээг батлагдсаныг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.
Коронавирусийн халдварын тохиолдол өдөр ирэх тутам эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хил залгаа манай улс халдварын эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд болон иргэд сонор сэрэмжээ алдахгүй, амны хаалтаа хэрэглэж, ариун цэврийн дэглэм сахихыг анхааруулсаар байна.
