Нийгэм

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох: Уушги орлуулах ECMO аппарат улсын хэмжээнд ганц байна

Нийтэлсэн

Коронавирусийн халдвар авч буй хүний тоо сүүлийн өдрүүдэд 500-800-гаар бүртгэгдэж буйн дээр маш хүнд, хүнд, хүндэвтэр хүний тоо эрчимтэй нэмэгдэж байна. Энэ тоо буурахгүй, нөхцөл байдал улам хүндэрвэл манай улсын эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хангагдсан эсэх, уушги орлуулах болох амьсгалын аппаратын хүрэлцээ хангамж ямар байгааг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

-Манай эмнэлгүүд ковидоор хүндэрсэн хэчнээн хүнийг эмчлэх сэхээний ортой вэ?
-Ковид-19 халдвараар хүндэрсэн хүнийг эмчлэхээр ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 35 ор, Цэргийн төв эмнэлэгт 12 ор, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эрчимтийн 10 орыг тус тус бэлтгэн ашиглаж байна. Сүүлийн долоо хоногт эрчимт эмчилгээний орны ашиглалт дунджаар 90-95 хувьтай байна. Ковид-19-ийн халдвараар өвчилсөн хүнд болон нэн хүнд иргэдийн хувьд архаг суурь өвчтэй байна. Тиймээс ЭМЯ-наас ээлжит төлөвлөлтөө хийж бусад төв эмнэлгүүд болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийг түшиглэн хүнд, нэн хүнд иргэдийг авч вирусийн халдвараас гадна суурь өвчинд нь тохирсон эмчилгээ хийхээр төлөвлөж байна.

Сүүлийн долоо хоногт эрчимт эмчилгээний орны ашиглалт дунджаар 90-95 хувьтай байна.

-Уушги орлуулах ECMO аппарат манай улсад хэд байгаа вэ?
-Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг ширхэг байна. Коронавирус агаар дуслаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гарна.

-Өнөөдрийн байдлаар ECMO аппаратад орсон хүн байна уу?
-Өнгөрсөн хугацаанд хоёр хүн ECMO аппаратад орж, амь аврагдсан. Энэ аппарат болон эмчилгээний зардал нь асар өндөр. Жишээлбэл, нэг хүний ECMO-гийн эмчилгээний зардал 35 сая төгрөг гарлаа. Мөн эмч, сувилагч, техникч зэрэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй тусгай мэргэжлийн баг орж ажилладаг. Тиймээс бид халдвар авсан иргэдийг аль болох аппаратад оруулахгүй, хүндрэхээс нь өмнө эмчлэх чиглэл барин ажиллаж байна.

-ЭМЯ-наас уушги орлуулах аппарат нэмж авах саналаа УОК, Засгийн газарт уламжилсан уу?
-Санал өгсөн байгаа. ECMO аппаратаас гадна эмчилгээний дагалдах хэрэгсэл, аппарат дээр ажиллах боловсон хүчин, хүний нөөцөө мөн сургаж, бэлтгэх шаардлагатай. Ахмад настай болон хавдар, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй хүмүүс амархан хүндэрч байна. Тиймээс 60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд аль болох гэрээс гарахгүй байх, ийм эмзэг хүмүүсийн гэрт очиж эрсдэл үүсгэхгүй байхыг хүсмээр байна.

Уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гарна.

-Хүчилтөрөгчийн аппарат хэд байгаа вэ?
-Улсын хэмжээнд амьсгалын аппарат 838 байна. Олон улсын байгууллагаас амьсгалын 490 аппарат нийлүүлэгдэж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд 202, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд 47, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд 104, бусад эмнэлгүүдэд 17 амьсгалын аппарат тус тус хуваарилсан. Хүчилтөрөгчийн улсын хэмжээнд найм байна. Улаанбаатар – 3 /УНТЭ, УХТЭ, ГССҮТ/, Орон нутаг – 5 /Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс/-т тус тус байна.

-Одоогийн байдлаар Сэхээний тасагт хэчнээн хүн эмчлүүлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар /2021.04.07/ эрчимт эмчилгээний орон дээр нэн хүнд эмнэлзүйн шинж тэмдэгтэй 52 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа. Эрчимт эмчилгээний ор ашиглалт 91.3 хувьтай байна.

-Ковидоор өвчилсөн иргэдийг хүлээн авах орны дүүргэлт ямар түвшинд байна вэ?
-Улсын хэмжээнд эмнэлгийн 25600 гаруй ор бий. Улаанбаатар хотын хувьд ковид-19-ийн халдвар батлагдсан иргэдийг төрийн өмчит зургаа, хувийн хэвшлийн хоёр нийт найман эмнэлэг хүлээн авч эмчилж байна. Үүнээс сүүлийн долоо хоногийн дунджаар энгийн орны дүүргэлт /ашиглалт/ 80-85 хувьтай байна. Хэрэв халдвар авсан хүний тоо өдөрт ийм олноороо нэмэгдээд байвал орны хомсдол үүсэх нь гарцаагүй.

Эмнэлгийн ор гэхээр зөвхөн өрөө, ор хоёр төсөөлөөд байх шиг байна. Тийм биш, энэ бол бүтэн систем байдаг юм. Сүүлийн үед ковидоор өвчилсөн хүн хүндрэхийн зэрэгцээ хүнд, суурь өвчтэй хүмүүс ковидын халдвар авч хүндрэх тохиолдол нэмэгдэж байна. Тэгэхээр нэмэлт тусламж, үйлчилгээ шаардагдах тул улсын томоохон эмнэлгүүд хүнд хүмүүсийг авч эмчилж эхэлж буй юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг л хүнд хүмүүсийг эмчилж ирсэн. Халдвар газар авсан учир тэдний хүний нөөц хомсдож, туйлдаж байна. Тиймээс энэ ажилд бүх эмнэлэг оролцохоос өөр сонголт үлдсэнгүй. Ялангуяа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаармаар байна.

-Халдвар нийслэлээс гадна аймгуудад эрчимтэй нэмэгдэж байна. Аймгуудын бэлэн байдал хангагдсан уу? Орон нутагтковидоор хүндэрсэн хүнийг эмчлэх тоног төхөөрөмж болон боловсон хүчин бэлтгэгдсэн үү?
-Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 104 хүчилтөрөгчийн аппарат, таван аймагт хүчилтөрөгчийн үйлдвэр бий. Хүний нөөцийн хувьд 21 аймагт Эрчимт эмчилгээний 30 багийн 78 эмч, 54 сувилагч, 20 үйлчлэгч байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн 183 эмч, 375 сувилагч ажиллаж байна. Тоног төхөөрөмж болон боловсон хүчний хувьд ийм байна. Нөгөө талаар орон нутаг Улаанбаатар хоттой ижил тактик барих хэрэггүй. Тэнд халдварын тархалт алаг цоог тархсан гэсэн ангилалд байна.

ЭМЯ болон ХӨСҮТ хөл хорио тогтоох саналаа байнга өгсөөр ирсэн. Одоо тархалт өндөр болсон нь дархлаажуулалтын үр дүнг бүдгэрүүлэх эрсдэлтэй.

Гол арга хэмжээ хөл хорио тогтоож, энэ хугацаандаа хавьтлуудыг тусгаарлаж, ковидын халдвар авсан иргэнээ илрүүлж авах нь илүү чухал юм. Хэрэв тодорхой хугацаанд хөл хорио тогтоох арга хэмжээг сайн авч чадвал ногоон бүс болох бүрэн боломжтой. Улаанбаатар хотын хувьд нийтэд тархсан гэх ангилалд орчихлоо. Энэ нь ойрын үед илэрч байгаа тохиолдлын тооноос тодорхой илэрхий харагдаж байна.

-Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа үед хөл хорио тогтоох уу? Эрүүл мэндийн яам ямар бодлого барьж байгаа вэ?
-Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед хол хорио тогтоох нь хамгийн чухал боллоо. ЭМЯ болон ХӨСҮТ хөл хорио тогтоох саналаа байнга өгсөөр ирсэн. Одоо тархалт өндөр болсон нь дархлаажуулалтын үр дүнг бүдгэрүүлэх эрсдэлтэй. Бидний зүгээс хөл хорио тогтоон хөдөлгөөний хязгаарлалт хийж, энэ хооронд дархлаажуулалтаа эрчимтэй хийх тактиктай байсан. Одоо эмнэлгийн орны хомсдол гэхээс илүү хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүмүүст үйлчлэх эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ хомсдож байна. Манай улсад энэ төрлийн боловсон хүчин хангалттай биш юм. Жишээлбэл, Хөнгөн 30-40 хүнд эмчилгээний нэг баг тусламж үзүүлдэг бол хүнд 3-5 эмчилгээний нэг баг үйлчилж байна. Хүнд болон халдвар авах хүний тоо нэмэгдэхийн хэрээр тусламж үзүүлэх хүн хүчний хомсдолд орох бодит нөхцөл үүссэн.

Ковид бүртгэгдэж эхэлсэн эхний үед батлагдсан тохиолдол бүрийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байв. Энэ нь халдварыг цааш нь тараах эрсдэлийг хумихаас гадна өвчтөн хүндрэхээс нь өмнө эмчилгээ эхлэх зорилготой байлаа. Харин одоо шинээр халдвар авсан хүний тоо өдөрт ийм олноор нэмэгдэж буй үед хүнд хүмүүст үйлчлэх нөөцөө барьж тусламж үзүүлэхээс аргагүй нөхцөл үүслээ. Энэ нь хүнд үеийг аль болох хохирол багатай даван туулах арга тактик юм.

Exit mobile version