Эрүүл мэнд
CORONAVIRUS: Буузаа хийх нь таны эрх ч, бусдыгаа ХАМГААЛАХ бас таны үүрэг тул “Цагаан сар” тэмдэглэхээс татгалзъя
Таныг унтаад сэрэхэд шинэ коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 40 мянга болон нэмэгдэж, 98 хүн нас барж хэдэн зуун айлд гунигийн сүүдэр тусжээ. Аюулт өвчний эхлэл болон өрнөлийн талаар энд өгүүлэхэд илүүц. Гагцхүү яг одоо хамгийн эрсдэлтэй цаг үе гэдэг нь үнэн. Ахмад настнууд, хүүхдүүд тэргүүтэй хэдэн зуун хүнийг энэ өвчин “үгүй” хийж байна. Цаашдаа ч хэдэн хүн өвчилж, хэдэн арван мянганаараа хүмүүс нас барах магадлалтай гэдэг тооцоо хүртэл харагдана лээ. Хэн дархлаа муу байна, тэр хүн өвчлөх өндөр. Манайд ч гэсэн хэд хэдэн сэжигтэй тохиолдлууд илэрч хэсэгтээ түгшээгээд амжив. Азаар аюулт өвчин биш байв.
Үнэндээ энэ удаагийн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шаардлага бидэнд тулгараад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд уг асуудал томоор хөндөгдөв. Ойрд иймэрхүү “амттай” сэдэв гарч ирээгүй тул “сошиалчид” маань яг хоёр хуваагдаж байгаад бахаа ханатал мэтгэлцэв. Золтой л хэрүүл болчихсонгүй.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр өөрийн хэд хэдэн санаагаа товчхон байдлаар энд өгүүлье.
Хүн амынх нь тэн хагас нь нэг дороо бөөгнөрч амьдардаг УЛААНБААТАР маш эрсдэлтэй
3 сая гаруйхан хүнийх нь тал нь буюу 1.5 сая нь нийслэлдээ түгжирсээр, амьдарсаар байна. Нийт газар нутагтай нь харьцуулбал манайхаас өөр хаана ч ийм “зэрлэг” тоо гарахгүй биз. Энэ хэрээр манай улс буюу Улаанбаатарчуудын дунд өвчний дэгдэлт нэг эхэлбэл хамгийн эрсдэлтэйд тооцогдож болох юм. Нийслэлчүүд нийгмийн харилцаанд орохдоо хурдан бөгөөд маш олуулаа байж чадна. Тиймээс эрсдэл орж ирэхээс байж болох бүхий л аргаар сэргийлэх нь зүйтэй. Хэн нь ч хэндээ халдааж мэдэх омголон цөстэй сая гаруй монголчууд нэг дороо амьдарч байна шүү дээ. Ядаж байхад хойд хөршид маань коронавирусийн халдвар бүртгэгдэв. Товчоор хэлбэл бид “Корона”-д бүслэгдээд байна.
Хятадууд цагаан сараа тэмдэглэж байгаад коронавирусийн халдвараа ХЯНАЛТААСАА АЛДСАН
Өнгөрсөн сарын сүүлээр болсон Хятадын уламжлалт Цагаан сарын баяр уг өвчнийг Хятадад төдийгүй дэлхий даяар тараахад хамгийн том хувь “нэмэр” оруулсан юм.
Бүх нийтээрээ амарч байгаад өргөн дэлгэр тэмдэглэсэн уг баярын дараагаар коронавирусийн өвчлөлийн болон нас баралтын тоо огцом нэмэгдээд байна.
Хятадын Цагаан сарын баярыг үзэж, сонирхонгоо үйл явцыг нь биеэр мэдрэхийг хүссэн давтагдсан тоогоор маш олон тооны жуулчид эх газрын Хятадыг зорьсон гэх мэдээлэл байна. Манайхан ч энэ үеэр өмнөд хөршийг олноороо зорьдог билээ.
Биднийг ганцхан хүний шинжилгээг авч, оношийн тодруулах гэж мунгинах зуур 89 хүн нас барьж байна. Одоо Хятадын өнцөг булан бүрт нэгдүгээр зэргийн онцгой дэглэм тогтоосон. Магадгүй Хятадын Засгийн газар бодит үнэн, бодит тоо баримтыг хэрхэн нууцалж байгаа ч бид мэдэхгүй. Сошиалаар явж буй бичлэгүүдийг худлаа гэж хэлэх үндэслэлгүй.
Биднийг ганцхан иргэнээ “Коронадсан” эсэхийг оношлох гэж мунгинах зуур 89 хүн нас барж, өвчлөлийн тоо мянга мянгаараа нэмэгдэж байна
Өвөрмонголын Шилийн гол суманд ажиллаж байгаад 1 дүгээр сарын 30-ны өдөр нутагтаа ирсэн нэгэн залуу сэжигтэй тохиолдол хэмээгдэж Эрүүл мэндийн салбарынхныг “донсолгов”. Өвөрхангай аймгийн уугуул 21 настай тэрбээр коронавирусийн өвчлөлийн эд дэгдэлтийн үеэр Эрээн хотод байж байгаад ирсэн байдаг. Ингээд өндөр халуурсан шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн түүнээс бямба гарагт шинжилгээ авч өчигдөр орой азаар шинжилгээний хариу нь сөрөг гарлаа. Товчоор хэлбэл, бид орон нутагтаа уг өвчлөлийн оношийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Шинжилгээ аваад хот руу илгээснийг нь ХӨСҮТ дээр шинжлээд хариуг нь явуулж байх жишээтэй. Нийслэлд ч гэсэн онцгой үед шинжилгээ, оношилгоо учир дутагдалтай. Хэрвээ өвчний халдвар ороод ирвэл бид техник, технологи өндөр хөгжсөн Хятад шиг газар дээр нь оношлоод, ганцхан долоо хоногт эмнэлэг барьж чадахгүй нь ойлгомжтой. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ ч тийм хангалттай бус байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манайд үнэндээ ХӨСҮТ-ээс өөр халдварт өвчинтэй тэмцэх томоохон эмнэлэг алга. Анхан шат болох өрхийн эмнэлгийн байр байдал ямар билээ. Тэд коронавирус битгий хэл захын ханиадаа дийлэхгүй суудаг улс. Үнэндээ эмч, эм тарианы хүрэлцээ, хангамж хэр билээ дээ. 2019 онд гэхэд 400 гаруй хүн уушгины хатгалгаагаар нас барсан харамсалтай тоо баримт байна. Цагаан сараа тэмдэглэнэ гэж муйхарлаад байгаа та бүхэн энэ бүгдийг дор бүрнээ нэг тунгааж үзэх нь зүйтэй.
Тиймээс аюулыг орж ирэхээс нь өмнө сэргийлэх хэрэгтэй. Биднийг шинжилгээний хариугаа хүлээгээд корона мөн, бишийг нь л илрүүлэх гэж байх хооронд тэнд зуу зуугаараа нас барж, өвчлөл мянга мянгаараа нэмэгдэж байна шүү дээ.
Буузаа хийх нь таны эрх юм бол бусдыгаа эрсдэлд оруулахгүй байх нь бас таны үүрэг
“Цагаан сар тэмдэглэхийг цуцална гэж юу яриад байна” гээд л олон хүмүүс бухимдаж байна. Нээрээ л аав, ээж, ах дүү нартайгаа золгох, бууз баншаа хийгээд хөлдөөх нь та бүхний эрх. Энийг хэн ч хориглохгүй. Бид ийм л нийгэм зохион бүтээсэн. Гэхдээ бидний зовж зүдэрч бүтээсэн нийгмийн бас нэгэн үнэт зүйл болох “Та эрхтэй. Гэхдээ таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдэг агуу элементийг бид нийтээрээ мартаад байх шиг.
Үнэндээ энэ удаагийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх шаардлага тулгараад байна. Бидэнтэй хил залгаа Эрээн хотод хүртэл нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа. Эрээн гэдэг бол Монголын урд “хаалга”. Аюул хэдийнээ хаалганы гадна бужигнаж эхэллээ. Бид одоо л анхаарал, болгоомж, ариун цэвэр зэргээ дээшлүүлд асуудалд илүү ухаалаг хандахгүй бол асуудал хүндрэхийг хэн ч үгүйсгэхгүй.
Та буузаа хийж болно оо, айлчин золгуудаа ч хийж болно. Гэвч тантай яг адилхан ийм бодолтой хэдэн арван хүн байвал яах вэ. Бүгдээрээ л “юу яриад байгаан цагаан сараа хийнэ” гээд дээлээ өмсөөд гараад ирвэл яах уу.
Арга буюу айлчин золгуудаа хийхээр зам дээрээ түгжирч, автобус унаагаа дүүргээд л явна. Төрөл бүрийн захуудаараа бөөн бөөнөөрөө үйлчлүүлж Эрээний тэргүүтэй зүсэн зүйлийн бараануудаа бид хүссэн хүсээгүй хамж аваад ах дүү хамаатан садандаа тарааж орхино. Түүнийгээ бэлэглэнэ. Нийслэл саладаа ч хийнэ, нэлээд хэдэн бууз чимхэхээр нэгнийндээ цуглана. Өвчлөлийг нэмэгдүүлэхэд энэ үйлдлүүд чинь хувь нэмрээ оруулчихвал та хариуцлагаа хүлээх үү. Тиймээ жилдээ ганцхан болдог баяр. Харин энэ баяраараа өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлгүй хамгаалчихаад насан туршдаа баяраа тэмдэглээд явбал ямар вэ.
Та хашааныхаа хаана нь мод тарих нь таныг л эрх. Яагаад гэвэл энэ бол таны хашаа. Өмчтэй болгосон ардчиллын чинь буян энэ. Гэхдээ тэр мод чинь ургаж нахиалаад тэнгэр шүргэм болохдоо хамар хашааны чинь Батын байшинг сүүдэрлэхгүй л байхад болно. Энэ бол нийтээр амьдрах ухаан. Энэ бол нийгмийн харилцаагаар таны эрхийг хязгаарлаж буй ганцхан жишээ. Тиймээс “би эрхтэй, би дархтай” гэж цэцэрхэж суухаасаа өмнө би болон биднийг ямар эрсдэл хүлээж болох вэ гээд нэг бодоод үзээрэй.
Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, дараа нь үүсэх олон арван хор хөнөөлөө бодсон ч төр засаг маань нэг дорвитой шийд гаргах цаг иржээ.
Мэдээж жаахан билэггүй л юм. Цагаан сараа тэмдэглэхгүй гэхээр. Гэхдээ яах вэ, төр засаг нь шийдээ гаргаад ард түмнээ хамгаална гэвэл би лав өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө дэмжиж, хувь нэмрээ оруулна.