Энтертайнмент
Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Сайед Моллай хүрэл медаль хүртжээ
Киргизстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллай хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Сайед Моллай жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камиябиг 1:05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродовыг 2:32 минутад цэвэр ялсан ч хагас шигшээд зохион байгуулагч орны жүдоч Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Владимир Золоевт вазари үнэлгээгээр ялагджээ.
Гэсэн ч хүрэл медалийн төлөө Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авч хүрэл медалийн болзол хангасан юм. Энэ нь түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль бөгөөд өмнө нь 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байжээ.
Энэ жинд эзэн орны Владимир Золоев түрүүлсэн бол БНСУ-ын Ли Мүн-Жин мөнгө, Узбекистаны залуу од Шарафиддин Болтабоев хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнийг хоёр өдрийн дараах байдлаар БНСУ 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байна.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо