Эдийн засаг

“Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэн “өчиггүй халах” сануулга авчээ

Нийтэлсэн

Төрийн өмчийн компаниуд, тэдгээрийн тендертэй холбоотой асуудал Монголын төрийн “шүдний өвчин” болсоор ирсэн. Байсаар л байна.

Ямар ч засгийг хараар буддаг “сэдэв” л дээ.

Өнөөдөр иймэрхүү мэдээллийг цахим сүлжээнээс өдөр бүр үзэж болно.

Тэгвэл төрийн зүгээс ийм асуудлыг таслан зогсоохын тулд ямар арга хэмжээ авдаг вэ.  Ямар нэг байдлаар тэмцдэг үү. Засаж сайжруулахыг оролддог уу.

Үгүй болоод өнөөдөр үргэлжилсээр байна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ: Би Бадамсүрэн захиралд хандаж хэлж байгаа юм, дахиж ийм алдаа гаргавал өчиггүй хална шүү.

Төр, засаг нь хоосон буу дуугаргаж, “Хална, солино” гэж зандраад өнгөрдөг. Чухамдаа энэ нь төрийн өмчит компаниудын удирдлагуудыг дөжрөөчихсөн байж мэднэ.

Хэдхэн хоногийн өмнө дөө, ИНЕГ-ын дарга дээр энэ жишээ давтагдав.

Өнгөрсөн оны сүүлчээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой тендерийн жишээнүүд хотлоор нь шуугиулсан.

Тэр асуудал дээр Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиралд сануулга өгчээ. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр яригджээ.

Тэр хуралдаан дээр одоогийн Ерөнхий сайд, тухаын үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нэг зүйлийг бид санаж явах ёстой. “Эрдэнэт үйлдвэр” 48 цаг л алдсан бол Сингапурын компани болчих байсан. Улсын бүртгэл дээр нотариатаар батлуулаад дугаар аваад явж байхад нь зогсоосон. Засгийн газар тухайн үед онцгой дэглэм тогтоож, үүнийг зогсоож, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь төрд үлдсэн.  УИХ-ын тогтоол ингэж хэрэгжсэн. Одоо сонсоход амархан ч, тэр үед бас л амаргүй шийдвэрүүд байсан. Үүнийг үгүйсгэх гэсэн хэвлэлийн кампанит ажил сүүлийн хоёр сар явлаа.

У.Хүрэлсүх: Бадамсүрэн дарга хаана байна. Би хэлдэг, тийм ээ. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийж болохгүй. Бүх юм хууль дүрмийн дагуу ажиллах ёстой гэж.

Дээрээс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын алдаа бий. Засгийн газрын тогтоол хэрэгжүүлээд очихдоо би “Эрдэнэт үйлдвэр”-ээс цай ч уухгүй ажлаа хийчихээд гараад явсныг санаж байгаа байх. Би Бадамсүрэн захиралд хандаж хэлж байгаа юм, энэ үгийг.  Яагаад тэгсэн бэ гэхээр та нарыг үлгэр жишээ аваасай л гэж тэгсэн юм. Тэрнээс хойш ажилд чинь оролцоогүй. Ямар ч улстөрчийг оролцуулаагүй. Бүх ажиллах боломжийг чинь олгосон.

Гэтэл юун машин бэ, юун архи дарс вэ. Иймэрхүү юмнуудаар энэ том шийдвэрээ үгүйсгэх юм хийж байдаг. Онцгой дэглэм тогтоосон, хэн ч битгий оролц гээд мань мэт нь зарим улстөрчтэй заамдалцан барин хамгаалж байдаг. Та нарын тансаглаад байж байгаа царай энэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг наадах чинь бүхэлдээ наад эдийн засгийн том үзүүлэлт, амжилтуудыг чинь олон нийтийн дунд үгүй хийх маш хариуцлагагүй үйлдэл болсон шүү. Би үүнийг бас хатуу сануулахыг хүсч байна.

Та нар хангалттай цалинтай. Яг энэ онцгой дэглэмийн үед маргаантай асуудал өрнөж байхад дахиж ийм алдаа гаргавал өчиггүй хална шүү. Хатуу ярих нь зүйтэй. Ийм том шийдвэрийг албан тушаалтнуудын арчаагүй шуналаас болж буруу ойлгуулмааргүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” 500-600 тэрбумыг л улсад төвлөрүүлдэг байсан бол ноднин 950, энэ жил нэг их наяд руу орж ирж байна. Улсын төсөв ерөөсөө 10 их наяд, Аравны нэгийг “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлж байна шүү дээ, уг нь. Өнгөрсөн хугацаанд ийм том амжилтыг хийж чадсан. Үүнд талархаж Монголын ард түмэн энэ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой шийдэл дээр “УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад тодорхой дэмжлэг өгсөн гэж би боддог шүү.  Ийм гал дундуур явсан. Тэгэхээр албан тушаалтнуудынхаа тансаглах гэж ядсан юмнуудаа ТӨБЗГ маш нарийн цэгцлэх ёстой шүү. Нэг ч албан тушаалтантай холбоотой компани худалдан авалт хийж болохгүй шүү” гэж ярьжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч  “Бадамсүрэн дарга хаана байна. Би хэлдэг, тийм ээ. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийж болохгүй. Бүх юм хууль дүрмийн дагуу ажиллах ёстой гэж. Тийм үү, дарга нар аа? Тийм учраас хууль дүрмийнхээ дагуу ажиллах хэрэгтэй. ТӨБЗГ-ын дарга аа, Сангийн яам, та нар хяналтаа сайн тавь., ард түмэн шаардаад байгаа шүү. Хууль хяналтын байгууллага, цагдаа, тагнуул, аудит байна.

Энэ улсаас хулгай хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Энэний төлөө энэ Засгийн газар дөрвөн жил зүтгэж ажиллалаа. Бүхэл бүтэн үйлдвэрээ бид нар хулгайд алдсан шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ээ 2019 онд буцааж олж авсан. Тэрний хүчээр өнөөдөр энэ том ажлууд хийгдэж байна. За, ингэж ойлгож ажиллаарай. Би албан ёсоор хэллээ. Манай үйлдвэрээс гарсан мөнгөний цаадхыг, хаашаа явсныг би мэдэхгүй гэсэн хариулт бол болохгүй. Та өөрийнхөө үйлдвэрээс гарсан мөнгийг хаана, яаж зарагдаж байгааг өөрөө мэдэж байх ёстой. Би биш та мэдэж байх ёстой. Яагаад гэвэл тэр аж ахуйг удирдаж байгаа хүнийхээ хувьд. Сангийн яам мэдэж байх ёстой, ТӨБЗГ мэдэж байх ёстой. Эмээл хазаарынхаа бүтэн дээр юмнуудаа янзалж аваарай гэж албан ёсоор хэллээ шүү. Дахиад эрт санууллаа. Хожмын өдөр хэл ам болно шүү наадах чинь. Дахиад хэлье. Шоронд орцгоов оо. Аюултай шүү. Ажил хийж байгаад шоронд орчихсон хүмүүс зөндөө байгаа. Бадамсүрэн гуай дахиад та нар янз бүрийн асуудал гаргаад байхгүй шүү. Ажлаа өгөөрэй. Доод талынх нь албан тушаалтнууд ч гэсэн асуудал гаргавал ажлаа өгцгөөгөөрэй” гэсэн байна.

Үүнээс хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчээ. Харин…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)

Exit mobile version