Дэлхий

Хятад хойд боомтуудаа хааж, Монголд вакцинаар дээрэнгүйлэх хандлага үзүүлж байна

Нийтэлсэн

КОВИД-19 цар тахлын өлгий Хятад улс Монголоос халдвар орж ирж магадгүй хэмээн сэргийлж хилийн боомтуудаа хаав-

Монголд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хэлц бий. Сайн хөрш, найрамдалт улс, стратегийн түнш, эрх тэгш нөхрийн харилцаат хэмээн монголчуудыг хуурчихдаг Хятадын эрх баригчид Монголд өвчин тархсан цагт жинхэнэ чанараа таниулж байна. Тус улсын эрх баригчид Хятадын Үхань хотод анх гарсан КОВИД-19 цар тахлын дэгдэлт Монголд эрчимжсэнээс хойш Замын-Үүдийн худалдааны боомтоос гадна Гашуунсухайт, Нарийн сухайт зэрэг түүхийн эдийн гарцуудыг цаад талаасаа хаагаад байгаа. Хятадын тал өнгөрсөн сарын 10-наас эхлэн шат дараалан хойд хилийн боомтуудаа хааснаар Тавантолгой, Оюутолгой тэргүүтэй Монголын эдийн засгийн гол хөдөлгүүрүүд орлогогүй зогссон. Олон зуун тээврийн хэрэгсэл хоёр улсын хил дээр таг гацсан байдалтай байгаа. Үр дүнд нь Монголд Хятадаас авдаг хэрэглээний бүтээгдэхүүний өсөх хандлагатай болсон бөгөөд тэр хэмжээгээр уул уурхайн түүхий эдийн экспорт тасалдаад буй. Монгол Улс нийт гадаад худалдааныхаа 95 хувийг Хятадтай хийдэг. Түүн дотроос түүхий эдийн экспортын орлого бүхэлдээ Хятадтай хийх худалдаанаас хамааралтайг онцлох хэрэгтэй. Дээрх нөхцөл байдал өнгөрсөн жилийн хугацаанд цар тахлын нөлөөг амссан Монголын эдийн засагт дахин томоохон дарамт учруулах нь дамжиггүй. Ерөнхийдөө хилийн боомт хэдий хугацаанд хаалттай байх нь тодорхойгүй байгаагаас үзэхэд, энэ оны төгсгөлд Монгол эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт буурч эхэллээ. Харин Хятад улсын хувьд өнгөрсөн оныг эдийн засгаа өсөлттэй хадгалсан дэлхийн цөөн улсын нэг болж үлдсэн. Одоо Хятад улсын эдийн засаг бүхэлдээ сэргэж эхэлснийг олон улсын шинжээчид онцолж байгаа. Хятадын сэргэлт Монголд сайнаар нөлөөлнө гэх хөөсрөл хүртэл явсан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх вакцинаар гадаад бодлогоо явуулахгүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа Хятадын эрх баригчид цар тахал дэгдсэн шалтгаанаар ийнхүү Монголд эдийн засгийн дарамт үзүүлэх болов. Түүнчлэн дэлхийд манлайлах үүрэгтэй гүйцэтгэж буй хэмээн өөрсдийгөө тодотгох болсон Хятад улс далайд гарцгүй Монгол Улсын гадаад худалдаанд саад хийж буйгаараа олон улсад ядруу харагдаж эхэллээ.

Одоогийн байдлаар Монгол дахь өвчлөлийн нөхцөл байдал 12 мянга гаруй хүнээр хэмжигдэж буй. Зүйрлэвэл, Монгол дахь өвчний тархалт Хятадын нэг тосгоны хэмжээнд ч хүрээгүй гэсэн үг. Бүр муугаар бодоход, Монгол Улсын гурван сая хүн бүгд КОВИД-19 цар тахлаар өвчиллөө гэхэд Хятадын нэг жижиг хотын хэмжээний асуудал шүү дээ. Цар тахал анх дэгдсэн 11 сая хүнтэй Ухань хотын өвчлөлийг хэдхэн сарын дотор барьж чадсан Хятадын эрх баригчдыг энэ нөхцөл байдал айлгалаа гэж үү. Ялангуяа Хятадтай хил залгаа Өмнөговь аймаг өвчлөлгүй бүс хэвээр байгаа. Уул уурхайн түүхий эд экспортолдог боомтуудад Монгол, Хятадын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон гарц” түр журам хэрэгжиж эхэлсэн. Хоёр улсын хил дээрх хамгийн том худалдааны боомт болох Замын-Үүдийг манай талаас бүрэн тусгаарласан нөхцөлд “Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй” гэсэн Хятадын Элчин сайдын яамны мэдэгдэл итгэл төрүүлэхгүй байгаа юм. Монголын Засгийн газар Хятадад анх КОВИД-19 цар тахал дэгдсэн цагаас эхлэн эдийн засгийн онцгой бүсүүддээ энэ мэтээр онцгойлон анхаарал хандуулсаар ирсэн. Монгол Улс КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-тай харилцан хилийн боомтоо хаасан. Тэр үед бараа таваарын худалдааг зогсоогоогүй. Улмаар хоёр тал хилийн боомтууд дээрээ “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлж эхэлснээр гадаад худалдаа сэргэсэн юм.

Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ерөнхий сайд Ли Көчиантай цаашдын хамтын ажиллагааны асуудлаар утсаар ярьсан талаар мэдээллийг хоёр улсын хэвлэлүүд мэдээлсэн. Монголын Засгийн газрын хэвлэлийн албанаас хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэдгийг мэдээлсэн. Тэгвэл Хятадын хэвлэлийн мэдээнд арай өөр өнгө аяс орсон байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд Ли Көчиан цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хилийн боомтын бараа дамжин өнгөрөх хэмжээг түргэтгэн сэргээхийн тулд чармайж, томоохон төслийн хамтын ажиллагаа урагштай ахихыг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Гэвч бодит нөхцөл байдал дээр яг хэзээнээс хилийн боомтын ажиллагааг хэвийн хэмжээнд хүртэл сэргээнэ гэдгээ Хятадын тал илэрхийлсэнгүй. Мөн Хятадын хэвлэлийн мэдээнд дурдсан яг аль томоохон төслийг хоёр улсын Ерөнхий сайд нар онцолсон гэдэг өөрөө асуултын тэмдэг болон үлдэж байгаа. Монгол, Хятад хоёр улсын хувьд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн чиглэлд олон тооны том төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээний шатанд уулзах болсон. Тэгэхээр Хятадын тал вакцины нийлүүлэлт, цар тахлын дэгдэлтээс үүссэн хилийн боомтын асуудлыг далимдуулан Монгол дахь том төслөө урагшлуулах ашиг сонирхлоо илэрхийлсэн байж болох юм.

Хятадын эрх баригчид үүнээс өмнө буюу 2016 онд буддын шашны тэргүүн, XIV далай ламыг Монголд айлчлах үеэр техникийн саатал нэрийдлээр хилийн боомтуудаа хааж байлаа. Тухайн үед Хятадын талаас Монголд цэвэр улс төрийн шалтгаантай эдийн засгийн дарамт учруулж буйг шинжээчид онцолж байлаа. Тэгвэл энэ удаад цар тахал гэдэг шалтгааныг дурдсан байна. Монголын эрх баригчдын хувьд дэлхийн геополитикийн бодлогыг тодорхойлох болсон вакцины өрсөлдөөнд урд хөршөө тууштай дэмжсээр ирсэн юм. Гэтэл Хятадын “сайн хөршийн бодлого”, “вакцины бодлого”-оор солигдсон болохыг Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны дараах мэдэгдлээс харж болно. Хятадын Элчин сайдын яам өнгөрсөн сарын 16-нд гарсан мэдэгдэлдээ “Хятадад бүтээсэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг улсдаа давуу байдлаар нэвтрүүлнэ” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд заавал хятад вакцин хийлгэж байж тус улсын хилээр орж худалдаа хийх эрхтэй болох нь. Нөгөө талаар цар тахлын нөлөөлөл, түүнийг дагасан вакцины улс төрийн нөхцөл байдал монголчуудыг өөрсдөө үйлдвэрлэгч байхыг ухааруулж буй нь давуу тал авчирч мэдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version