CRI Монгол радио

АНУ-ын шахалт нэмэгдэх тусам Орос, Хятадын харилцаа гүнзгийрнэ

Нийтэлсэн

ОХУ болон БНХАУ-ын харилцаа сүүлийн хэдэн жилийн турш гүнзгийрснээс гадна Засгийн газруудынх нь баримталж буй бодлого ч улам бүр ижил төстэй болж буйг судлаачид онцолж байна. Владимир Путин өнгөрсөн долоо хоногт 2036 он хүртэл өөртөө Засгийн эрх барих эрх олгосон хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Тэрбээр Зөвлөлтийн дарангуйлагч удирдагч Иосиф Сталинаас хойш 20 гаруй жил Засгийн эрх барьсан буюу хамгийн удаан төр барьсан хүнээр тодроод байгаа.

Түүнчлэн өнгөрсөн жил Бээжин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, “БНХАУ-ын дарга, дэд дарга дээд тал нь хоёр дараалж үүрэг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Ши Жиньпин Мао Зэдуний дараах Хятадын хамгийн том, нэр нөлөө бүхий удирдагч болж байгаа юм. Ши Жиньпиний тэргүүлж буй Засгийн газар сүүлийн үед Шинжаан, Төвөд, Өвөрмонгол дахь үндэстний цөөнхийн сэхээтнүүд, хууль эрхзүйн идэвхтнүүдийг шоронд хорьж, Хонконгийн сөрөг хүчнийг шахаж буй талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсээр байгаа билээ. Түүний авлигын эсрэг явуулж буй арга хэмжээ нь олон нийтийн дэмжлэгийг авч, үүнийгээ ашиглан мөн өрсөлдөгчдөө замаасаа холдуулсаар байгаа юм. Харин Путиний хувьд өөрийг нь хамгийн илэн далангүй шүүмжлэдэг Алексей Навальныйг өнгөрсөн нэгдүгээр сард Германаас буцаж ирснийх нь дараа шууд хорьсон. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард Навальныйд 2.5 жилийн хорих ял оноосон. Москва барууны орнуудтай харилцаа нь хүйтрэх тусам Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзсээр байгаа юм. Хэдийгээр Бээжин барууны орнуудтай тэр тусмаа Вашингтонтой харилцаагаа улам хүйтрүүлэхийг хүсэхгүй байгаа ч Шинжаан, Хонконг, болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар зөрчилдсөөр байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд ч гэсэн хоёр улсын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа нь хэрэгжүүлж буй бодлогоос нь харагдах болсон. Тэрбээр саяхан Путинийг “алуурчин” хэмээн тодорхойлж, худалдааны маргаан дээр ч гэсэн Бээжингийн эсрэг баримталж буй байр сууриа өөрчлөөгүй. Байдены энэ хандлагаас үүдэж, Москва, Бээжингийн холбоо улам хүчирхэгжиж байна гэж үзэх ажиглагчид ч байна. Хэдийгээр Путин, Ши нар сууриа бат бөх болгож, ямар ч хүчтэй салхинд ганхахааргүй болсон ч цар тахал нь хоёр удирдагчийн хувьд томоохон сорилт боллоо. Путин өнгөрсөн хавар зургаан долоо хоног хатуу хөл хорио тогтоож, хүндхэн байсан эдийн засагтаа ихээхэн хохирол учруулсан. Үүнээс үүдэж түүний рейтинг огцом унаж түүхэн доод түвшин буюу 59 хувьд хүрсэн билээ. Ши Жиньпиний хувьд цар тахал эрчимтэй дэгдэж байх үед төдийлөн дорвитой арга хэмжээ авахгүй байсаар цаг алдсан ч эцэст нь цар тахлыг дэлхийн бусад оронтой харьцуулахад богино хугацаанд хяналтандаа авснаар түүний үнэлэмж эрс өссөн. Америкийн олон улс судлалын хүрээлэнгийн Ази судлалын захирал Даниэл Блүментал “Ши Жиньпин ард түмнээ маоизмаас айдаг, жигшин зэвүүцдэгийг мэддэг тул Мао биш юм шиг жүжиглэх хэрэгтэй. Одоохондоо тэр маоист маягаар нийгэмд үүссэн хагарал, ан цавыг шийдвэрлэж байгаа нь олон зүйлээс харагддаг. Гэхдээ түүнийг хүчтэй удирдагч гэдэгтээ хэн ч маргахгүй” хэмээжээ. Москвагийн Карнеги төвийн мэргэжилтэн Александр Габуев “Бээжин АНУ болон Европын холбооны Москвад үзүүлж буй шахалтыг тэсвэрлэхэд тодорхой хэмжээгээр тусалсан. АНУ-ын шахалт нэмэгдэхийн хэрээр Орос Хятадтай цэргийн харилцаагаа өргөжүүлэх нь тодорхой. Хоёр улсын зэвсэгт хүчин хэд хэдэн удаа хамтарсан сургуулилт хийсэн. Урт хугацаанд хоёр удирдагч улам бүр нягт харилцаатай болох нь олон зүйлээс харагдаж байна” гэв. Хоёр улс зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төр, цэрэг армийн түвшинд нөхөрлөж, Газар дундад тэнгист цэргийн хамтарсан бэлтгэл хийх болоод нэлээд хугацаа өнгөрсөн. Ерөнхийдөө бүс нутагтаа Хятад, Оросын харилцаа нэлээд чухал үүрэгтэй. Алс Дорнодод аажмаар газар авч байгаа Хятадын цагаач иргэдийн асуудлыг Москва сөхөхөө болив. Хүн ам сийрэг суурьшсан Оросын Алс Дорнодын хязгаартай хүнд аж үйлдвэрлэл болон дэд бүтэц нэлээд сайн хөгжсөн, Хятадын 100 гаруй сая хүн амтай гурван муж хил залгаж байна. Ерөнхийдөө бол хоёр хөршийг ойрын жилүүдэд хэн удирдах, ямар бодлого баримтлах нь нэгэнт тодорхой боллоо гэж хэлж болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version