Энтертайнмент
Ж.Баасанжаргал: Байгалийн чулуу хувцаслалтаас ч илүү үнэ цэн, гоо үзэсгэлэнг өгч чаддаг
Монголынхоо нэрийг гадаад, дотоодод сурталчилж, охид бүсгүйчүүдийн гоёх дуртай “URAN jewelry” монгол брэндийг үүсгэн байгуулагч, гоёл чимэглэлийн дизайнер Ж.Баасанжаргалыг “Өөр зочин”-оор урьж, ярилцлаа.
-Монгол үндэснийхээ хээ угалзыг байгалийн чулуу, үнэт металтай хослуулж урлана гэдэг хэзээ ч хоцрогдохгүй шийдэл санагддаг. Та энэ бизнесээ эхлээд хэр удаж байгаа вэ?
-Би энэ бизнесээ эрхлээд 15 жил болж байна. Анх өөрийнхөө хобби, хүсэл сонирхлоор эхэлж байлаа. Арван мянган төгрөгөөр 0.4 мм хэмжээтэй, 100 ширхэг усан болор худалдан авч цөөхөн тооны ээмэг бөгж урлаад, түүнийгээ амжилттай борлуулсан. Түүндээ урамшиж, бага ч гэсэн олсон мөнгөөрөө материал авч, хийсэн зүйлсээ өргөжүүлдэг байлаа.
Мөн гар урлалын бүтээлээ илүү сайжруулах гэж монгол үндэсний хээ угалз, үндэсний урлагаа багагүй судалж, сурч мэдсэн зүйлээ бүтээлдээ шингээн урладаг байсан. Хүн хичээвэл бүх зүйлс болж бүтдэг гэдэг. Миний хийсэн ээмэг бөгж, гоёл зүүсгэл, толгойн гоёл хөдөө борлуулалт сайтай байсан. Ялангуяа баяр наадам, хурим найрын саруудад илүү их эрэлттэй. Ингэж л миний хобби ажил минь болж, мөрөөдөл минь бага багаар биелэлээ олж эхэлсэн. Би тэр үед монгол үндэсний хээ угалзыг гоёл чимэглэлийн зүйлсээр дамжуулан урлаж, түүнийгээ орчин үеийн загварт оруулж, зөвхөн дээлэн дээр биш европ загварын ямар ч төрлийн хувцсан дээр зохицдог байхаар урлаж, бүтээлээ дэлхийд брэнд болгох юмсан гэж зорьж ажилласан. Одоо “Uran jewelry” 3-4 салбар дэлгүүртэй, 20 орчим ажилтантай, хот хөдөө, гадаад дотоодоос зориод ирдэг олон үйлчлүүлэгчтэй болсон.
-Дэлхийн бүх юмс технологжиж байна. Мэдээж, энэ үед гар урлалын бүтээл, байгалийн юмс илүү натур, үнэ цэнэтэй харагддаг болжээ. Үндэснийхээ хээ урлагийг сурталчлах нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй шинэ санаа байсан байх?
-Монгол үндэсний хээ угалз маш гайхамшигтай, гүн гүнзгий утга агуулгатай. Хээ тус бүр нь онцгой утгыг илэрхийлдэг. Жишээ нь, өлзий хээг монголчууд урт насалж, удаан жаргахын билэг тэмдэг гэдэг бол “URAN хээ” нь голын зоосон болон таван нүдэн хээ нь дөрвөн зүгээс ирэх аюулаас хамгаалах өсөж арвижих, элбэг, баян байх гэсэн утгатай. Мөн өгөөмөр баян, саруул тунгалаг байхыг билэгддэг. Зүүсэн эзэндээ “Элбэг хангалуун, хээнцэр ганган” амьдралыг билэгддэг. Монгол үндэснийхээ өв соёлыг хайрлаж, хамгаалах, хойч үедээ уламжлуулан үлдээх нь бидний үүрэг. Тиймээс бид олон улсад болдог гоёл чимэглэлийн үзэсгэлэнд жил бүр оролцдог. Монгол хээ угалз үргэлж сайн сайхныг зөгнөж, билэгшээдэг гээд манай бүтээгдэхүүнийг гадныхан их сонирхож авдаг. Дээрээс нь “URAN jewelry” загварууд нь ажил хэрэгч, чөлөөт, өдөр тутмын болон гоёлын, үндэсний бүхий л хувцсанд төгс зохицдог. Мөн байгалийн чулуугаар урласан бүтээлүүд гоёл зүүлт гэхээс илүүтэй хүний эрүүл мэндэд, гоо сайханд эерэг, энергитэй бүхнийг шингээж өгдөгөөрөө бусдаас илүү ялгардаг.
-Хүүхэд байхын гар урлалын бүтээл сонирхдог байв уу. Яагаад заавал байгалийн чулуугаар бүтээл урлах болов?
– Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл чимэглэл урлаж сурсан. Энэ хүсэл сонирхол минь намайг чулууны ертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байсан. Нэг удаа санамсаргүй сургалтад хамрагдаж, тэр сургалтаасаа чулуу хэлхэх, сүлжих технологи ямар байдаг, яаж гоёл урлаж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Мөн манай ээж гар урлал хийдэг хөдөлмөрч хүн байсан. Ээжийн минь энэ хичээнгүй зан чанар надад нөлөөлсөн болов уу. Дээрээс нь бүх л зүйлд чин сэтгэлээсээ хандахад болж бүтдэг гэж боддог. Уйгагүй хийгээд, оролдоод байхад хүн сурдаг. Миний урласан бүтээлүүд бусдын сэтгэлд нийцэж байхад түүнээсээ урам их авдаг. Миний хувьд өөрийн загвараараа үргэлж ялгарахыг боддог. Гараар гоёл урладаг хүн их ажигламтгай, тархиа байнга ажиллуулдаг болохоор хурдан сэтгэж, урлах бүтээлийнхээ санааг үргэлж цаг үеэсээ, орчноосоо эрж хайж явдаг. Харин сүүлийн үед манай загварууд, бидний бүтээлийг дуурайлгаж хийсэн, брэндийн нэрийг хүртэл дуурайсан пэйж хуудсууд, зураг авалтууд хүртэл хийгдэж байгаа нь хэрэглэгчдийг хохироож, төөрөлдүүлж байгаад эмзэглэдэг. Тиймээс бидний бүтээл, загварууд, бүгдийг лабораторийн шинжилгээнд хамруулж байж хэрэглэгчийн гар дээр хүргэдэг байгалийн жинхэнэ цэвэр чулуун бүтээгдэхүүнүүдийн талаар албаны мэдээллүүдийг эх сурвалжаас нь зөв авах, асууж сураглаж, сонголтоо зөв хийх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.
-“URAN jewelry” дэлгүүр түүхий эд материалуудаа хаанаас татдаг вэ. Байгалийн чулуу цаанаа маш нарийн учир утгыг билэгдэж байдаг гэдэг?
– Манай чулуу цэвэр байгалийн гаралтай. Бид Тайланд, Япон, Солонгос зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцохдоо хамгийн чанартай чулууг сонгож, харилцагчаа сонгодог. Тэд захиалгын дагуу байгалийн чулуу нийлүүлдэг. Мөн эх орныхоо ховор нандин, үнэт чулуугаар бас бүтээлүүдээ урлаж байна. Ажил мэргэжлийнхээ чиглэлийн дагуу өөрөө ч бас чулууны нэр төрөл, онцлог шинж чанарыг их судалдаг. Ном уншина, интернэт хэснэ. Байгалийн чулуу бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр байдаг. Тухайлбал, ногоолин чулууг нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүдэнд үл үзэгдэх муу зүйлээс хамгаалдаг. Улаан маныг хүмүүс эрүүл мэндийн чулуу гэдэг. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог. Сувд эмэгтэй хүний зовлонг нимгэлдэг, урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг. Настай хүмүүс терагерц чулууг сонгож зүүхэд сайн, цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог гэх мэт. Тиймээс зарим хүмүүс өөрт ээлтэй, сайн гэсэн чулуугаараа бариад гоёлын зүүлт, ээмэг хийлгэх гээд ирдэг.
-Одоо урин дулааны улирал, загварын сезон үе эхэлж байна. Хавар хүмүүс ямар чулуун гоёлыг сонирхдог вэ?
– Хүмүүс цаг үе, улирлын байдалдаа зохицуулж гоёлоо сонгодог. Тухайлбал, хавар хүмүүс ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулууг их сонгодог. Манайд Японоос терагерц, шүр, бразилаас алтан үст чулуу байнга ирдэг. Эдгээр чулуу нь энерги өндөртэй, эрүүл мэндэд ач тустай тул хүмүүс өдөр тутам зүүх гоёл болгон хэрэглэх болсон. Хэрэглээгээ дагаад захиалга ч ихэсдэг. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхэсийн хэлбэртэй, янз бүрийн амьтны дүрстэй байдаг. Энэ нь гайхалтай дизайнтай, загварлаг харагдуулдаг. Дээрээс нь байгалийн чулуу ямар ч хүнд хувцаслалтаас ч илүү үнэ цэн, гоо үзэсгэлэнг өгч чаддаг учраас хүмүүс сүүлийн үед алт, мөнгөн эдлэлээс татгалзаж, байгалийн чулуу метал үнэт эдлэлээс энерги, эрч хүч авахыг илүүд үздэг болсон. Мөн хүмүүс аль болох засвар хийгдээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг их сонирхдог болсон. Чулууг гоёл болгох амаргүй. Тэр тусмаа байгалийн чулууг засаж загвар гаргах хэцүү. Тиймээс хэрэглэгчийнхээ сэтгэлзүйг мэдэрч, гоёлыг нь урлахад ур чадвар, ухаан их шаарддаг.
-Дизайнер бүсгүй маань жил бүрийн хавар олон сюрприз дэлгэж, охид бүсгүйчүүдийг баярлуулдаг. Хуучин чулуун эдлэлийг нь үнэ төлбөргүй сэргээн засаж, хэлбэр загварыг нь өөрчилж өгдөг гэж сонссон?
-Энэ жил бид “Ганган хавар-2021” гэсэн урамшууллын аяныг зарласан байгаа. Энэ хүрээнд үйлчлүүлэгчдээ зургаан сарын хугацаатай, үнийн дүнгийн 50 хувийн хөнгөлөлт эдлэх алт, мөнгөн урамшууллын карт бэлэглэхээр зэхэж байна. Мөн хөнгөлөлтийн ваучер олгоно. Манайх “URAN jewelry” брэндээ 30 төрлийн чулуугаар урладаг. Чулуун гоёл бүртээ хаврын шинэ загварууд, шинэ коллекци, аксессуарыг дэлгэж байгаа. Цар тахал гээд бид үйл ажиллагаагаа хумиагүй, бүх салбар дэлгүүр ажиллаж байгаа. Хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ “Монгол шуудан”-гаар дамжуулан хүргэлтээ хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.9 БААСАН № 72 (6549)