Нийгэм

Ө.Эрдэнэ-Очир: Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Үндсэн хуулиараа нэр дэвших боломжгүй

Нийтэлсэн

Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан улстөр, хуульчдын дунд өрнөөд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч, хуульч Ө.Эрдэнэ-Очироос дараах асуултад хариулт авлаа. 


-Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Үндсэн хуулиараа ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Дээр нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн долоо дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн нэг удаа улираан сонгож болно” гэдэг заалтыг шинэ Үндсэн хуулиараа хүчингүй болгосон.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчийг улираан сонгогдох эрхийг олгоогүй гэсэн үг. Зөвхөн нэг удаа л сонгоно. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших аваас улираан сонгох болчихоод байгаа юм. Үндсэн хуулийн болон нийтийн эрх зүйн зарчим бол зөвшөөрснөөс бусдыг хориглоно. Иргэний эрх зүйн зарчим нь хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн заалттай.

Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг улираан сонгох заалт байхгүй, нэр дэвших боломжгүй. Хуулийн зохицуулалт маш ойлгомжтой. Сүүлийн үед энэ асуудлаар хуульч бүр өөрөөр тайлбарлаж байгаа юм. Үндсэн хууль гэдэг нь эрх зүйн зохицуулалтын дээд баримт бичиг. Үүнийг давсан ямар ч зүйл байж болохгүй. Үндсэн хууль өөрөө хэн нэгэн албан тушаалтан, иргэний өмнө буруутай байж болохгүй. Болохгүй л гэсэн бол болохгүй.

-Нөгөө талаараа нэр нөлөө бүхий хуульчид Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй гэж тайлбарлаад байна. Үүнийг адилхан хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн хандлага ажиглагдаж байна. Үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй ганц газар бол Үндсэн хуулийн Цэц юм. Нэг удаа УИХ-аас Үндсэн хуулийг тайлбарлах гэж үзсэн. Түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байсан байдаг. Судлаачдын хувьд ч гэсэн Үндсэн хуулийг тайлбарлах эрх байхгүй. Онолын болон бусад үндэслэлүүд гаргаж ирч байна л даа. Үүнтэй адил Үндсэн хуулийг элдэв онолоор тайлбарлах биш албан тушаалтан, иргэд дагаж мөрдөх ёстой.

-Монгол Улсад хуулийн хэрэгжилт хэр байдаг юм. Яг үндсэн утгаараа хэрэгжиж чаддаг юм уу?

-Зарим хуулийн хэрэгжилт хангалттай, хангалттай янз бүр. Харин Үндсэн хуулийг үйлчлүүлэхгүй, үйлчлэлийг хойш тавина, аль нэг заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэх ойлголт байхгүй. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйг хүлээн зөвшөөрөх аваас тухайн улсын суурь нь ганхана. Ийм зүйл огт байж болохгүй.

-Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж ярьж, тайлбарлаад байгаа хүмүүс Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн тогтолцооны эсрэг үйлдэл хийх үйлдэл гэж байдаг. Үндсэн хууль тогтолцоог гажуудуулахтай холбоотой улс төрийн болон шашны арга хэмжээг хэлдэг юм. Үүнийг мөн байна гэж хэлэх хэцүү ч Эрүүгийн хуульд тодорхой заалт байдаг. Одоогоор бол Үндсэн хуулийнхаа заалтаас эсрэг юм яриад байна гэх хандлага ажиглагдаж байна.

Exit mobile version