CRI Монгол радио
Ерөнхийлөгч Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг вакциныхаа хоёр дахь тунг өчигдөр /2021.04.14/ хийлгэжээ. Тэрбээр вакцины эхний тунгаа өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хийлгэсэн юм.
Путин ОХУ-ын газарзүйн нийгэмлэгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцохдоо “Дөнгөж сая би хоёр дахь тунгаа хийлгэлээ” гэж хэлжээ. Путин мөн “Вакцинжуулалтын ачаар цар тахал удахгүй намжина гэдэгт итгэж байна” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирусний эсрэг ямар вакцин хийлгэснээ зарлаагүй аж. Кремлийн зүгээс ч Путин ямар вакцин хийлгэсэн талаар мэдээлэл өгөөгүй юм.
ОХУ нь дотооддоо коронавирусний эсрэг гурван вакцин үйлдвэрлэсэн билээ. Спутник V, ЭпиВакКорона, КовиВак гурав нь гурвуулаа үр дүнтэй вакцинууд хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.