CRI Монгол радио
Нэгдүгээр улиралд Хятадын эдийн засаг тогтвортой сэргэн нэмэгдэж байна
Эрхэм уншигч та бүхний амрыг эрье. Дэлхий дахин цар тахлын нөлөөнд бүхэлдээ автсан энэ үед вакцинжуулалтаа түргэн дуусгаж, эдийн засгаа сэргээж, амьдралаа хэвийн гулдралд оруулах нь хүмүүсийн хамгийн их анхаарал тавьж буй асуудал болох нь мэдээжийн хэрэг юм. Монгол улсын ойр хөршийн хувьд Хятадын эдийн засгийн байдал энэ оны эхний улиралд ямар байгаа талаар та бүхэндээ сонирхуулах үүднээс энэ нийтлэлээ бичиж сууна.
Зүгээр хувь хүнийхээ хувьд ажиглахад ажил амьдралын хооронд нэг их завгүй хүн шогшиж, идэж уух, өмсөж зүүх эд юмсын үнэ ханш өссөн буурсан шинжгүй, бүх юм хэвийн,ойр хавийн хүмүүс маань вакцинжуулалтад хамрагдаж буй болон амны хаалт зүүж буйг эс тооцвол цар тахал ерөөсөө гараагүй юм шиг санагдана.
За ам халж, үг олдож үхэр холдлоо. Одоо гол сэдэвтээ оръё. Сүүлийн үеийн макро эдийн засгийн олон төрлийн үзүүлэлтийг ажиглахад төсөөлснөөс хол сайн байж, Хятадын эдийн засаг тогтвортойгоор сэргэн хөгжиж буйг нь харагдсан. 4-р сарын 13-нд Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтад харуулснаар, нэгдүгээр улиралд Хятадын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 8.47 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29.2% нэмэгдсэн байна. Үүнд экспорт 38.7% нэмэгдэж, импорт 19.3% нэмэгдэн, худалдааны ашигтай баланс 690.6% нэмэгджээ. Энэ бол өнгөрсөн оны гуравдугаар улирлаас нааш Хятадын гадаад худалдаа гурван улиралд дараалан эерэг өсөлттэй гарч буй юм. Эдийн засгийг дайчлах гурван гол хөдөлгөх хүчний нэгийн хувьд Хятадын гадаад худалдааны импорт экспорт нэлээд их хэмжээгээр нэмэгдсэн нь эдийн засаг маш их уян хатан чанартай байж, тогтвортой өсөн нэмэгдэж буйг харуулсан юм.
Үүний зэрэгцээ бодит эдийн засгийн хөрөнгө мөнгөний эрэлт хэрэгцээ их байж, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт хөгжөөнтэй болж буйг харуулах шинээр нэмэгдсэн итгэмжийн зээл болон нийгмийн хөрөнгө хуримтлуулах цар хүрээ ч цаашид тогтвортой өсөн нэмэгдсэн байна. 4-р сарын 12-нд төв банкны нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны нэгдүгээр улиралд юанийн зээл 7.67 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны өндөр үзүүлэлтийн үндсэн дээр мөн л 574 тэрбум 100 сая юаниар өсөн нэмэгдсэн байна.
Эдгээр тоо баримтаас бид Хятадын өнөөгийн эдийн засгийн хандлагыг их төлөв ойлгож, эдийн засгийн үйл ажиллагааг мэдэрч болох биз. Гэсэн хэдий ч бидэнд бас анхаарууштай зүйл байна. Хэдийгээр эдийн засаг маань тогтвортой сэргэн хөгжиж буй боловч бас зарим тогтворгүй хүчин зүйл нүүрлэж байна. Жишээлбэл, бүтцийн чанартай тэнцвэргүй байдал оршиж буй. Хангалтын тал нь түргэн сэргэж харин эрэлт хэрэгцээний сэргэлт удаан байна. Том дунд оврын аж ахуйн нэгжүүд түргэн сэргэж хөгжиж , жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн сэргэлт удаан байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн сэргэлт түргэн байж, хувийн хэвшлийнх нь сэргэлт удаан байна гэх мэт.
Хэрэг дээрээ энэ оны 3-р сарын 25-нд болсон эдийн засгийн байдлын тухай орон нутгийн захиргааны гол хариуцлагатнуудын видео уулзалтаас 4-р сарын 9-нд болсон эдийн засгийн байдлын тухай мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжийн эздийн яриа уулзалт хүртэл төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян эдийн засгийн байдлыг бүх талаар бодитоор задлан шинжлэхийг цохон тэмдэглэж, эдийн засгийн бодлого маань огцом хувиралттай байж болохгүй гэж дурдсан юм. Энэ нь эдийн засгийн ирээдүйн үйл ажиллагаанд анализ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд нэг ёсондоо зүг чиг зааж өгч буй хэрэг юм гэж бид ойлгож байна.