Улс төр

ЭВТЭЙ АРДЧИЛАГЧИД

Нийтэлсэн

Ардчилсан нам л бол хэрэлдэж, хэмхэлдэж, хуваагдаж, талцаж байдаг гэсэн ойлголт нийгэмд тогтоод уджээ. М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн 2 даргатай, 2 тамгатай тэд, тус тусдаа Ардчилсан нам гэсэн нэрний дор үйл ажиллагаа явуулж байна.

М.Тулгаттай АН Шонхор тауэрт байрлаж үйл ажиллагаагаа явуулж, намаас зохион байгуулж буй сошиал арга хэмжээнүүдэд Эрдэнэ дарга нь л гол яриаг өрнүүлж байх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Эрдэнээгээ дэвшүүлэх юм гэсэн бор шувуу ч нисэж явна, магад ч үгүй. Тэдний хувьд АН-ын өнөөгийн байдалд Баттулга гэх ганцхан хүн л буруутай мэт яриа өрнүүлж, сошиал контент үйлдвэрлэж цацдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг нь Магнай тэргүүтэй баг хангаж байгаа гэх. Эби ерөнхийлөгчийн зөвлөхөөс нь эхлүүлээд хамт ажиллаж байсан ихэнх ардчилагчид Шонхор тауэрт цугладаг тухай яриа АН-ынхан дотор байна лээ.

Нөгөө талд О.Цогтгэрэлийн гэх АН. Дээд шүүхэд намын даргын бүртгэлээ баталгаажуулахаар өгсөн. Сонирхолтой нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэлээ намын даргад нэр дэвшихээс нь эхлээд намын их хурлыг нь хүртэл удирдаж, дээд шүүхийн материалыг нь ч бас хүргэж өгч дэмжиж байгаа нь ил тод харагдана. Аймаг, дүүргийн Ан-ын дарга, удирдлагууд нь ч түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн сошиал мэдээллүүд байна.

О.Цогтгэрэлийг Женкогийн дэмжлэгтэй гэж М.Тулгаттай тал нь мэдээ цацдаг бололтой. Гэтэл Женкогийн хүн гэх Нүрзэдийг намын ХЭГ-ын даргаас чөлөөлж Бадарсанг тавьчихлаа. Бадарсанг хуучин нэг ардчиллынх гэх. Мөн Женког ил тод шүүмжилж чаддаг Тэмүүжинтэй хамт ярилцлага  ч хийсэн байх юм. Лу.Гантөмөр, Х.Тэмжүүжин, З.Нарантуяа зэрэг намынхаа шинэ үеийн лидерүүд нь О.Цогтгэрэлээ дэмжиж, араас нь түлхэж байгаа тухай ч яриа АН-ынхан дунд байна лээ.

Юутай ч залуу ардчилагчид, тэдний лидерүүд эвтэй байгаа бололтой. Тэд эвтэй байж гэмээн Монголын ардчилалд ч, Ардчилсан намд ч тун хэрэгтэйсэн.

Exit mobile version