Энтертайнмент

Б.Буянжаргал: Бүжиг биеийн бүх булчинг жигд хөгжүүлдэг гайхамшигтай урлаг

Нийтэлсэн

“Te Amo Dance Club”-ын үүсгэн байгуулагч, бүжгийн багш Б.Буянжаргалтай ярилцлаа.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Бүжиг гэж таны хувьд ямар утга учиртай вэ?
-Намайг Б.Буянжаргал гэдэг. Te Amo Dance Club-ын үүсгэн байгуулагч, Монголд салса калена бүжгийн төрлийг хөгжүүлэгч анхны багш. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Бүжиг бол минийхээр гоо зүй, соёл, дасгал хөдөлгөөн, дотоод сэтгэлийн тайвшрал бас бадрал юм.

Би бага байхын л бүжигтэй кино эсвэл бүжгийн тэмцээн үзэхээрээ огшоод л, суудал дээрээ өндөлздөг хүүхэд байлаа. Бүжиг миний мөрөөдөл байсан юм. Үүнийгээ их орой биелүүлсэн. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа анх удаа “Line of Dance” бүжгийн дугуйланд бүртгүүлж, латин бүжгийн ангид явж эхэлсэн. Тухайн үед сурсан бүжгээ давтах газар байдаггүй байлаа. Гэтэл Туул ресторанд хагас сайн өдөр бүр Салса бүжгийн үдэшлэг зохиогддогийг мэдээд маш их баярлаж билээ. Энэ үеэс л бүжигтэй салшгүй холбоотой болсон доо.

-Багадаа өөр хоббитой байв уу. Урлагийн өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-Урлагт дуртай хүүхэд байсан. Хамтлагт дуулдаг, бөмбөр тоглодог байсан. Амьд хөгжмийн тоглолтыг алгасалгүй үздэг охин байлаа. Урлагаас бүр өөр гэвэл буудлага сонирхдог байсан. Хэзээ нэгэн цагт энэ төрлөөр хичээллэж үзнэ гэж боддог.

20-тойдоо амьд хөгжим сонсдог, савхи гинжнээс салдаггүй рок охин байлаа.
20-тойдоо амьд хөгжим сонсдог, савхи гинжнээс салдаггүй рок охин байлаа.

-Бүжиг сурсны ач холбогдол юу вэ. Та бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Маш гоё асуулт байна. Эрх чөлөө бас өөрийгөө мэдэрдэг. Хамтрагчтайгаа хөл нийлүүлээд, нэг хүн шиг цул болоод бүжиглэх тэр агшинд өөрийн эрхгүй аз жаргалтай мэдрэмж төрдөг. Би чадаж байна шүү гэж бодогддог. Миний байх ёстой газар, энэ бол би гэсэн бодол гүн бат суудаг.

Бүжгийн ач тусын хувьд агуу их гэж хэлнэ.

Бүжиг биеийн бүх булчинг жигд хөгжүүлдэг гайхамшигтай урлаг юм.
Ямар төрлийн бүжгээр хичээллэж байгаагаас хамааран хүний биеийн галбирт нөлөөлнө.
Мөн хөдөлгөөний дутагдлаас бүрэн гаргана.
Жингийн илүүдлээсээ аз жаргалтайгаар сална.
Баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг, харааны ой тогтоолт сайжирдаг.
Уян налархай, тансаг хөдөлгөөн нь эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг улам бадрааж өгдөг.
Стресс 100 хувь тайлагдана.
Тархи амраана, аз жаргалын даавар ялгаруулна, залуужуулна гээд олон давуу талтай.
Дэлхийн аварга бүжигчдын хамт, ОХУ, Байгаль нуур
Дэлхийн аварга бүжигчдын хамт, ОХУ, Байгаль нуур

-Бүжигт авьяастай эсэхээс үл хамааран хүн бүр сурна гэсэн ойлголт байдаг. Эсвэл би хэт модон, хэзээ ч сурахгүй гэсэн хатуу бодолтой хүмүүс ч бий.
-Бүжгийг бүх хүн сурах боломжтой. Тухайн хүний эвсэл өгөгдлөөс шалтгаалаад заримд нь урт, заримд нь бага цаг хугацаа ордог. Би шавь нартаа “Би чамайг үнэлж байгаа учир чи өөрийгөө бүү гол” гэж хэлдэг. Эхлээд бүжигт чин сэтгэлээсээ дурлах хэрэгтэй. Дурласан хүн ямар байдаг билээ, яг л түүн шиг хичээх хэрэгтэй. Тодруулбал, та турах зорилго тавих хэрэггүй. Бүжиг сурахыг үнэн сэтгэлээсээ хүсэж, цаг гаргаж чадвал та нэг л мэдэхэд сурсан байх болно. Бүжиг таныг зорсон мэт галбиртай болгох ч боломжтой. Та дурла, бүжиг таныг зорох болно гэж би хэлдэг. Багш болгон өөрийн гэсэн арга барилтай. Би өөрийгөө эвсэлгүй гэж бодож байгаа хүнд эвсэл суутал нь заана гэж боддог. Энэ нь миний ажилдаа баримталдаг зарчим юм.

-Хөл хорионы үед бүжиг сурахыг хүсэж байгаа иргэд цөөнгүй бий байх?
-Боломж байлгүй яах вэ. Жинхэнэ сурдаг цаг шүү. Мэдээллийн эрх чөлөөнд амьдарч байгаа энэ үед хаанаас ч сургалт авах боломжтой. Сүүлийн үед онлайн хичээлүүд хүчээ авч байна.

Би саяхан онлайнаар бүжиг зааж нэг анги төгсгөсөн. Бага хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа болохоор жин буугаагүй байсан юм. Тухайн үед санаа зовоод л байсан. Камер хүнийг байгаа хэмжээнээс нь гурав дахин томсгож харагдуулдгийг ч хэлэх үү/инээв/. Тус хичээлээр 8 удаагийн оролтоор Бачата бүжиг заалаа. Сургалтаа дуусгаад шавь нартайгаа уулзах боломж олддог юм байна. Гэтэл тэд “Тус бүжгийг махлаг эмэгтэйчүүд хийвэл гоё юм байна. Бид таргалахаар шийдсэн” гэсэн шүү/инээв/.

-Өөрөө анх яаж сурсан бэ. Эвсэлтэй эвсэлгүйгээ яаж мэдэх вэ?
-Өмнө дурдсан Туул ресторанд болдог салса бүжгийн үдэшлэг дээр очлоо. Бүжиглэх гэтэл нэг л болдоггүй ээ. Спорт төрлөөс сошиал төрөл нь арай өөр манертай болоод ч тэр үү эвээ олсонгүй. Үдэшлэг эхлэхийн өмнө болдог салса, бачата, кизомба бүжгийн хичээлд маш идэвхтэй оролцдог байлаа. Гэсэн ч үдэшлэг дуустал бүжиглэж байгаа хүмүүсийг харж өнгөрүүлдэг өдрүүд олон байсан. Шантармаар санагдах үе байсан ч би бууж өгөөгүй.

skip-share
Үдэшлэг дуустал бүжиглэж байгаа хүмүүсийг харж өнгөрүүлдэг өдрүүд олон байсан. Шантармаар санагдах үе байсан ч би бууж өгөөгүй.

Тэгж байтал нэгэн Сингапур хүн надад зааж эхэлдэг юм байна. Тэр хүн настай мөртлөө маш хөнгөн шингэн. Миний анхны багш минь гэж би үргэлж хүндэлж явдаг. Яваандаа хүмүүс бага сага тоож эхэллээ. Өдөр ирэх тусам сайжраад л илүү ойлгоод бүжигтээ улам дурлаж эхэлсэн. Тэгсэн нэг өдөр нэгэн залуу урьж бүжиглэж байна. Түүнтэй овоо бүжиглэдэг боллоо. Салса бүжиглэх гэхээр л хөл зөрөөд нэг л өөр. Тэгтэл тэр найз маань Колумб хүн байсан. Салса бүжиг таван төрөлтэй. Монголд зохиогддог салса партинд LA, Cuban гэсэн хоёр төрлийн салса бүжиглэдэг байсан юм.

Би тэр үед анх удаа Колумб салса байдаг юм байна гэж мэдэж авч билээ. Тэгээд л судалж эхэлсэн. Колумб найздаа гологдохгүйн тулд ажлынхаа цайны цагаар цайгаа ч уулгүй хөдөлгөөнөө давтдаг байлаа. Өдөр ирэх тусам хөл нийлээд урам ороод, бүр сайн сурах хүсэл маань намайг хөтөлсөөр бүжгийн багш болох хэмжээнд аваачсан.

Салса бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.
Салса бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

Бурхан надад Колумб партнёр явуулсан байх гэж би боддог. Тухайн үед хүмүүс бид хоёрын бүжгийг маш их сонирхож байсан болохоор бусдадаа заахаар шийдсэн юм. Ингээд Te Amo Dance клубээ байгуулж байлаа.

-Бүжиглэх сонирхолтой хүүхдийг хэдэн наснаас хаана явуулах вэ?
-Бүжиг тэр дундаа балетын дугуйланд сонирхогчийн төвшинд бол 4 наснаас гэж үздэг. Мэргэжлийн төвшинд 8 наснаас хичээллэвэл тохиромжтой. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүд хэт их дэлгэцийн хамааралтай болж, хөдөлгөөн хомсдож байгаагаас үүдэлтэй биеийн уян хатан чанарт өөрчлөлт орж байна. Иймээс зарим балетын багш мэргэжлийн ангийн хүүхдүүдээ 6 наснаас нь авдаг болсон байна лээ.

-Бүжиг сурахаар шийдэхийн өмнө сэтгэлзүйн ямар бэлтгэлтэй байвал дээр вэ?
-Нэг хөдөлгөөнийг их олон удаа давтана гэдэгтээ эхлээд эвлэрэх хэрэгтэй. Үүний үр дүнд өөрийн болно гэдгийг сайн ойлгох нь чухал. Хүмүүс нэг сар яваад л мундаг бүжиглэдэг хүн болчихно гэж боддог. Эхний нэг сард та хар зураг л олж авна. Дараагийн сард хөдөлгөөнөө ойлгож эхэлнэ. Үүний дараа сараас та бага багаар эзэмшиж эхэлдэг. Тууштай байдал маш чухал.

-Танай сургалтад хэдээс хэдэн насныхан хамрагдаж байв. Ямар хүмүүс бүжиг хурдан эсвэл өөрийнхөө хэмжээнд сайн сурч, сэтгэл хангалуун үлддэг вэ?
-Бүжиг хурдан сурахад нас тийм ч чухал биш. Хүн бүр өөр учраас харилцан адилгүй хугацаа шаардана. Нас ахисан ямар нэг спортоор хичээллэдэггүй хүмүүсийн хөдөлгөөн бага зэрэг удааширсан байдаг. Хүүхдүүд маш хурдан тогтоож, сурч чаддаг. Гэхдээ хэр их давтаж байгаагаас хөдөлгөөн болоод бүжиж сурах эсэх нь ихээхэн хамаарна. Би 6-аас 80 настай хүмүүст бүжиг заадаг.

Түүний зарим шавь нарын сэтгэгдлийг хүргэж байна.

Салса бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хамтлаг, соло төрөлд мөнгөн медаль хүртсэн хүртсэн шавь Б.Сосорбарамын бүжгээр хичээллэсэн сэтгэгдлийг хүргэе.

БҮЖГЭЭР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГТОЙ БОЛЖ, СТРЕССЭЭС АНГИЖИРСАН

-Бүжгийн хэмнэл, бүжгийн ая сонсоход сэтгэл их хөдөлдөг байсан. 2015 онд бүжиглэж байгаа залуучуудыг сошиалаар хараад сурах юмсан гэж их боддог байлаа. Гэвч ажлаар шалтаглаад өөртөө цаг гаргахгүй яваад байв. Бас өөртөө итгэлгүй байсан. Анх 2018 оны намар бачата бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд найзтайгаа хамт очиж багштайгаа танилцаж байсан. 2018 оны 11-р сард бачатанго бүжгийн анхан шатны ангид сар явсан.

Голд зогсож буй нь Б.Сосорбарам
Голд зогсож буй нь Б.Сосорбарам

Түр завсарлаад хавар нь салса бүжгийн анхан шатанд мөн сар яваад сонирхогчдын тэмцээнд багаараа орж мөнгөн медаль хүртсэн. Ажил тараад л бэлтгэл рүүгээ гүйдэг байсан. Гэр маань бэлтгэлээс зайтай. Шөнийн 1, 2 цаг хүртэл бэлтгэл хийхэд шантрах үе байсан. Гэхдээ нэгэнт тэмцээнд орохоор зориглосон учраас хэлсэн амандаа хүрэх гэж хичээсэн.

Энэ тэмцээнд оролцсон нь миний хувьд хамгийн чухал зүйл. Ямар азаар Буянжаргал багштайгаа таарав аа гэж их баярладаг. Хүн бүхний зан араншинтай нь тохирч харьцаж, тухайн хүн ямар бүжиг сурах вэ гэдгийг нь мэдэрч заана гэдэг хэн хүний чадах зүйл биш болов уу. Тэмцээнд орсон нь айдсаа даван туулахад хүч өгсөн. Бүжгээр хичээллэснээр эрч хүч, урам зоригтой болж, стрессээс ангижруулж байсан. Мөн шинэ найзуудтай болсон. Бие цэгцэрч, хөшүүн байдал багасаж, илүү мэдрэмжтэй болсон. Түүнчлэн амьдралын идэвхтэй хэв маягтай болжээ.

Өөрийгөө бүжгийн эвсэлтэй гэж бодож байсан ч сургалтад яваад хөшсөн, мэдрэмжгүй гэдгээ анзаарсан тэр үеэ бодоход хөгжилтэй санагддаг. Мөн бүжгийн клубийнхэнтэй Богд ууланд алхаад орой дээр нь гараад амардаг хэсэг байдаг даа. Тэнд бүгдээрээ бүжиглэж байсан нь хөгжилтэй дурсамж юм.

-Ярилцсанд баярлалаа.

Exit mobile version