CRI Монгол радио
Дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцаас 2025 онд гарах болсноо ОХУ зарлав
Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Олон Улсын Сансрын Станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусах юм.
Тэгвэл ОХУ-ын тал 2025 оноос эхлэн уг станцыг ашиглахаа больж, өөрийн зохион бүтээж буй тойрог замын шинэ станцад шилжихээр болсныг өчигдөр зарлажээ.
“2025 оноос эхлэн Олон Улсын Сансрын Станцыг орхих болсноо бид удахгүй хамтрагч улс орнуудад мэдэгдэнэ” гэж ОХУ-ын засгийн газрын шадар сайд Юрий Борисов өчигдөр Россия-1 сувагт ярьсан байна.
Хуучин станцыг ашиглалтаас гарсны дараа шинэ станцыг хэрхэн хамтран ашиглах талаар бусад улс орнуудтай Оросын тал мөн хэлэлцэх гэнэ.
1998 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон Олон Улсын Сансрын Станцад сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдэж, зарим хэсгийг нь засварлах аргагүй болжээ. Станцын ашиглалтын хугацааг 2020 оноор анх тогтоож байсан бол сүүлд 2024 он болгон сунгасан юм.
Станцын битүүмжлэл алдагдаж, хүчилтөрөгчөө алдах болсон, зарим модулиуд нь сэргээн засварлах аргагүй болсныг сансрын нисгэгчид байнга мэдээлж байгаа.
Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна. 2001 онд Оросын Мир сансрын станцыг ийм аргаар устгаж байжээ.
Эх сурвалж: Russia Today