Нийгэм

Санхүүжүүлэгчид COVID-ыг эмчлэх эмэнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх цаг болжээ

Нийтэлсэн

Вакцин бий болгох асуудал гайхалтай амжилтанд хүрсэн. Харин одоо үүнийг анагаах эмийг илүү сайн нөөцлөх хэрэгтэй болж байна.

COVID-19-ийн улмаас дэлхий даяар зогсонги байдал бий болсон нь цочрол өгсөн боловч гэнэтийн зүйл биш байв. Олон жилийн турш судлаачид үхлийн аюултай вирусын цартахал нь дэлхийг өвдөг сөхрүүлж болзошгүйг анхааруулсаар ирсэн. Тэд засгийн газрууд болон эм үйлдвэрлэгч компаниудыг олон төрлийн вирусыг анагаах чадвартай өргөн хүрээтэй вирусын эсрэг эмүүд бий болгох талаар хамтран ажиллаж, гамшиг тохиолдсон үед эдгээр эмийг хүн дээр туршиж үзэхэд бэлэн болгохыг уриалсан байна.

Томуугийн вирүс, коронавирус нь эболагийн вирустэй ойр төрөл байж болох тул эдгээр нь болзошгүй аюул заналхийлэл үзүүлж болно гэж үзэж байна. Гэвч COVID-19-ийн цартахлын үед эмийн шүүгээ нөөцгүй хоосон байлаа. Ремдесивир бол судлаачдын хүн дээр турших туршилтанд  хамгийн хурдан оруулах боломжтой вирусын эсрэг “хүрздэхэд бэлэн” цөөн хэдэн эмийн нэг юм. Эхний туршилтаар энэ нь COVID-19 өвчтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтэх хугацааг багасгахад тодорхой амжилтыг үзүүлсэн. Гэхдээ бусад судалгаанууд нь эмийн ач тустай болохыг одоохондоо харуулаагүй байна.

Коронавирусын эсрэг вакцин чухал болохыг онцлон тэмдэглэж байгаа нь зүй ёсны хэрэг боловч вирусын эсрэг эм нь хүний ​​амь насыг аврах чухал үүрэг гүйцэтгэж байсан, гүйцэтгэх болно. Төрийн болон олон нийтийн байгууллагууд вакциныг хөгжүүлсний нэгэн адил COVID-19 эсрэг эмийг хөгжүүлэхийн тулд хурдан цуглаж хүчээ нэгтгэх ёстой байсан ч хараахан тэгээгүй л байна. Эрдэмтэд, компаниуд нэгдсэн хүчин чармайлт гаргаж эхэлж байгаа ч ихэнх засгийн газар энэ асуудлыг вакцинтай адил яаралтай авч үзэхгүй байна. Хэрэв энэ байдал өөрчлөгдөхгүй бол дараагийн вирусын цартахлын эсрэг дэлхий ертөнц тэр хэмжээгээрээ бэлэн биш байж магадгүй юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ талаар хатуу, тодорхой анхааруулсаар ирсэн билээ. 2003 онд хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог хам шинж (SARS) гарсан нь вирусын эсрэг эмийг хөгжүүлэх уриа дуудлага болов. Гэхдээ санхүүжүүлэгчид бага зэрэг арга хэмжээ аваад өнгөрсөн нь зарим талаар аюул заналхийлэл намжсантай холбоотой байв. Арван жилийн дараа Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) дэгдсэний дараа бас дахин нэг анхааруулсан явдал болов. Дахин хэлэхэд засгийн газар, аж үйлдвэрийнхэн  бага анхаарал хандуулсан. Хүн дээр аюулгүй байдлыг нь туршиж үзсэн мөн шийдвэрлэх эмнэлзүйн туршилтууд нь бэлэн болсон эм үйлдвэрлэх тодорхой зорилгод чиглэсэн боловч зохих хөрөнгө оруулалтгүй байсан учраас эмийн зарим хөтөлбөрүүд гацсан юм.

Энэ цар тахал үүнийг өөрчилж магадгүй юм. Энэ долоо хоногт News Feature-д мэдээлснээр энэ алдааг засах хэд хэдэн санаачилга гарч байна. Дэлхийн 20 гаруй life-science компаниуд, венчур капиталын фирмүүдээс бүрдсэн консорциум болох COVID R&D Alliance нь коронавируcын эсрэг эм бий болгох зорилготой байгууллагыг зохион байгууллаа. Өнгөрсөн жил байгуулагдсан консорциум нь хүмүүс дээр туршилт хийх зорилгоор 25 нэр төрлийн эмийн төлөөллийг бэлдэхээр төлөвлөж байгаа тул дараагийн цартахал үүсгэгч вирус гарахад дор хаяж зарим нь томоохон туршилт хийхэд бэлэн байх боломжтой болно.

COVID R&D Alliance болон хурдацтай хөгжиж буй вирусын эсрэг эмийг хөгжүүлэх санаачилга нэртэй дэлхийн өөр нэг төсөл нь аж үйлдвэрийнхэн болон засгийн газруудаас хөрөнгө босгох шатандаа явж байна. АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн (NIH) нь SARS-CoV-2-тай тэмцэх эмийг бий болгоход ихээхэн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Дараагийн цартахлын эсрэг эмийг бий болгоход стратегийн хувьд бэлэн байхын тулд энэ агентлагт санхүүжилт олгох нь зайлшгүй чухал асуудал юм.

Эдгээр хүчин чармайлтаас ялгаатай нь хамгийн баян орнууд вакцин бий болгоход санхүүжилт олгохоор тохиролцсон явдал нь вакциныг бий болгох асуудлыг гэрлийн хурдаар шийдвэрлэхэд хүргэсэн. Зарим улсуудын вакцин бий болгох явдал үр дүнд хүрээгүй  ч нэгэнт бий болсон вакциныг худалдаж авахаар тохиролцож байна. Үүнтэй ижил төстэй санхүүжилтийн асуудал нь төрийн болон хувийн хэвшлийн аль аль нь эрсдэлд ороход бэлэн байх асуудлыг вирусын эсрэг эмэн дээр ч тооцох ёстой.

Энд амжилтанд хүрч байгаа загварууд байна. Ремдесивир нь Вирусын эсрэг эмийг олж илрүүлэх, бий болгох төв хэмээх NIH төслийн дэмжлэгтэй судлаачдын ажлын ачаар туршиж үзэхэд бараг бэлэн болжээ. Энэ төслийг томуу, коронавирус зэрэг вирусыг дарангуйлах боломжтой эмийн төлөөлүүдэд зориулсан эмийн сан хөмрөг бий болгох зорилгоор 2014 онд эхэлсэн. Ремдесивирын амьтан дээр туршихад үр нөлөөтэй байгаа нь 2017 онд тогтоогдсон бөгөөд энэ нь хүмүүс дээр Ардчилсан Конго, Либери, Гвиней улсад гарсан  Эбола вирусын тархалтын үеэр туршиж, аюулгүй байдал нь батлагдсан юм. Энэ нь шаардлагатай бол эмийг илүү өргөн хүрээнд хүн дээр туршихад бэлэн болгосон гэсэн үг.

Үүнээс өмнө дор хаяж хоёр удаа дэлхийн удирдагчдад вирусын эсрэг эм, бэлдмэл хийхийг сануулж байсан ажээ. Гэхдээ цартахлын өмнөх дэгдэлтүүд дуусч, засгийн газар болон аж үйлдвэрийнхэний хооронд олон жилийн турш үргэлжилсэн уг хуулийн төсөлд хэн ямар хувь нэмэр оруулах ёстой вэ гэсэн маргааны улмаас болж энэ асуудал бүтэлгүйтсэн байна.

Энэ нь буруу тийшээ явж байсныг цар тахал харууллаа. Нийгмийн эрүүл мэнд нь тархдаг болон цартахлын шинж чанартай аливаа эмгэг төрүүлэгчтэй тэмцэх эмэнд хөрөнгө оруулахыг шаардаж байна.  Энд агаараар болон шумуулаар дамждаг олон өвчнийг оруулж байгаа бөгөөд мөн мэдээжийн хэрэг антибиотикт тэсвэртэй байх аюул заналхийлэл бас хэвээр байсаар байгааг хэлэх нь зүйтэй. 2020 онд Засгийн газрууд нийт 90 орчим тэрбум долларыг вакциныг бий болгох ажилд гаргасан бөгөөд энэхүү санхүүжилтээр хийгдсэн зарим ажил нь ирээдүйн цартахлын үед ч тус нэмэр болох болно. Вирусын эсрэг эмийг адил тэгш хуваарилах шаардлага гарна. Энэ үед дэлхийн эмийн сан хоосон байж болохгүй.

Орчуулсан Т.ГанЭрдэнэ

 Nature 592, 326 (2021)

doi: https://doi.org/10.1038/d41586-021-00960-w

Exit mobile version