Улс төр

Х.Баттулга: МАН-ыг тараах тухай захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж байна

Нийтэлсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2021.04.19) эрх баригч намыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газар, Үндсэн хуулийн цэц МАН-д үйлчилж байгаа тул ийм алхам хийхэд хүрсэн гэдгээр өөрийн шийдвэрийг учирласан байв. Түүнчлэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн байгуулсан “Монгол цэргийн холбоо” ТББ цаашид цэргийн үйл ажиллагаа явуулж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн захирамжтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж улмаар уг асуудлаар мэдэгдэл гаргахаар болсон юм.

Ерөнхийлөгчийн захирамжийг хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга захирамжаа танилцуулах үеэрээ “Төрийн эрх баригч МАН нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, МАН-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргалаа. МАН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болов. Иймийн тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирд­лага болгон хэрэгжүүлж, МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг  тогтоон захирамжилсугай” гэсэн юм.

Мөн “Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд, МАН-ын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Засгийн газар МАН-ын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй. Монгол ардын намын удирдлага Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна. МАН-ын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна” гэсэн юм. Улмаар МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлж буйг мэдэгдэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version