Энтертайнмент
С.Зоригт & The Weeknd
Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын орчин үеийн залуу эрэгтэй дуучдаас хамгийн олон хүний талархлыг хүлээж, зөв үлгэр дуурайлал үзүүлж яваа дуучин С.Зоригт, Канадын дуучин, ая зохиогч, контемпорари урлагийн томоохон төлөөлөгч The Weeknd нарыг онцоллоо.
Мөрөөдөлдөө шунагч С.Зоригт
Хоёулаа боловч бүхэл нэг хүн мэт бие биедээ уусаж, урван бүтээлээ туурвидаг, Монголын орчин үеийн урлагийн гайхалтай нэгэн хоршил бол С.Зоригт, А.Хишигдалай нар юм. СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн тэдний анхны хамтарсан бүтээл “Хайртай хүндээ” дуу нь Монголын хамгийн анхны сая үзэгчтэй хит дууны нэг болсон. Тэр цагаас хойш С.Зоригт, А.Хишигдалай нар хамтдаа хоёр тоглолт хийж, 20 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгохоос гадна Европын холбооны улсуудаар аялан тоглолт хийгээд байна.
Дуучин С.Зоригт Дархан-Уул аймгийн Зулзагын гол гэдэг газар 1990 онд төржээ. Багаасаа дуулах дуртай, урлагт хайртай байсан тэрбээр СУИС-ийн дуулаачийн ангийг МУГЖ Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн юм. Хичээлийнхээ хажуугаар дуу бичлэгийн студид ажилладаг завгүй оюутан байсан ч их сургуулиа төгсөхдөө таван дуу, таван клиптэй болсон нь түүний хөдөлмөрч занг илтгэнэ. Энэ тухай тэрбээр “Зорьсон зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд сайн уран бүтээл маш их хөдөлмөрлөсний үр дүнд төрдөг. Нэг уран бүтээл гаргаад тэр нь шууд амжилтад хүрдэг тохиолдол бараг байхгүй. Би анхныхаа хит дууг гаргахын өмнө олон дуу бүтээсэн. Бүгд болохгүй байсан. Алдаа болсон. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ард нэг хит дуу гаргаад дараа дараагийн дуунуудыг минь хүмүүс сонсож эхэлж байлаа. Уран бүтээл гэлтгүй бүх салбарт тийм байдаг. Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг” гэв.
Дуулахаас гадна тэрбээр хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Хамгийн анх “Франц үнсэлт” кинонд туслах дүр бүтээснээр дэлгэцнээ гарч байв. Энэ талаар “Ер нь жүжиглэх дуртай, энэ мэргэжилд хайртай. Миний мөрөөдөл өдөр бүр л өөрчлөгдөж байна. Хүн амьдралд шуналтай байх хэрэгтэй. Энэ шуналыг зөөлрүүлж хэлбэл мөрөөдөл юм даа. Хүүхэд байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Ямар ч байсан уран бүтээлээ туурвиад явж байна. Өөр олон сайхан мөрөөдөл сэтгэл дотор минь бий” хэмээн ярьжээ.
Контемпорари уран бүтээлч The Weeknd
С.Зоригттой нас чацуу Канадын дуучин, ая зохиогч, продюсер Абел Макконен Тесфайе буюу The Weeknd орчин үеийн контемпорари урлагийн томоохон төлөөлөл гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр 2010 оноос уран бүтээлээ гаргаж, Youtube сувгаар олонд хүргэдэг байв. Анхны цомгоо 2012 онд гаргаж байсан түүний хоёр дахь цомог “Beauty Behind the Madness” нь тухайн жилийнхээ хамгийн их борлуулалттай цомгоор шалгарахын сацуу, Грэмми авардсын 2016 оны хамгийн шилдэг контемпорари цомгийн шагналыг хүртсэн юм. Мөн гурав дахь цомог “Starboy” нь 2018 оны Грэмми авардсын хамгийн шилдэг контемпорари цомгийн шагналыг дахин хүртсэн юм. Гурван удаа Грэмми авардс, таван удаа Америкийн шилдэг уран бүтээлч, есөн удаа Billboard-ийн шагнал авсан түүний цомог дэлхий даяар 75 сая хувь борлуулагджээ. Гэхдээ 63 дахь удаагийн Грэмми авардс-2021-д тэрбээр нэрээ дэвшүүлээгүй. Энэ тухай Грэмми авардсын дарга Харви Мейсон “The Weeknd нэрээ дэвшүүлээгүйдээ сэтгэл дундуур байгааг бид ойлгож байна. Түүний энэ жилийн уран бүтээлүүд хүн бүрийн талархлыг хүлээхүйц үнэхээр гайхалтай байсан. Тиймээс энэ жил Грэмми авардсын тайзан дээр дуулуулахыг хүссэн ч цөөн уран бүтээлч оролцуулах учир чадсангүй” гэсэн мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр 1990 онд Канадын Торонто хотод Этиопоос гаралтай цагаачдын гэр бүлд төржээ. Тиймээс жил бүр Этиопын сургуулиуд, сүмд хандив өргөдөг. Энэ жил цар тахлын үеэр Канад улсад нэг сая ам долларын тусламж үзүүлжээ. Үүнээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хөдөлгөөн, тэгш эрхийн төв зэрэгт хандив өгсөн. Бусдад туслахыг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон залуу уран бүтээлч The Weeknd хамгийн сүүлд энэ сарын 4-нд Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан Этиоп улсдаа нэг сая ам долларын тусламж үзүүлээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)