Улс төр

Н.Алтанхуяг: МАН-ынхаан дээрээс унахаар тархи их хөдөлдөг юм даа

Нийтэлсэн

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: 

-Өнгөрсөн 30 жилийн өмнө нэг намын дарангуйллыг устгаж, олон намын тогтолцоотой болохын тулд би Их сургуулийн багшийн ажлыг орхин орж ирж байлаа. Өнөөдөр би эмгэнэлтэй дүр зураг харж байна. МАН-ын 62 гишүүн том дарангуйлагч нам болж хувирч байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй дөрвөн намаар яаж тоглож байна вэ гэгийг та бүхэн харж байгаа. АН бол Засгийн газрын харьяаны бүртгэлийн газрыг оруулж самруулаад өнөөдрийг хүртэл өөх ч биш болгоод хаяж байна. АН-ынхан бол танай тэр У.Хүрэлсүхтэй өрсөлдөхүйц чадвартай хүн гаргах чадалтай тул та бүхэн ингэж тоглож байна. ХҮН-аар цэцэд өргөдөл өгүүлсэн байна. МАХН-ыг нэгтгэнэ гэхдээ С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй байхын тулд ийм үйлдэл хийж байна. МАН намуудын дээр гарчээ.

КОВИД-19, улс орны нөхцөл байдалд санаа зовж байгаа юм. ҮАБЗ сүүлийн дөрвөн сар хуралдаагүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь ирэхгүй байгаа юм байна. Нам бол төрийн дээр гарч суужээ.

ҮАБЗ-ийн гурван гишүүн юу ч болж байсан ард түмнийхээ төлөө нэг ширээний ард суугаад ярьдаг. Танай 62 ч бас харахад хэцүү болж дээ. Манай намын Удирдах зөвлөл нэг орой хуралдаад Засгийн газраа огцруулаад явж байна. Цэц бол яахав дээ. МАН-ын дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэдэг гар хөл маягийн газар болсон байна. МАН цэцийн дээр гарч дээ. Өндөр дээрээс унахаар тархи их хөдөлдөг юм даа. Эрх мэдэлдээ хэтэрхий эрдэж, хуулийг өөрсдөө өөрчилж чадахгүй болохоор цэцийг ашиглаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:

-Сүүлийн үед улстөрийн орчинд болж байгаа үйл явцыг харахад цэцийн хуралдааны дундуур бүрэлдэхүүнийг нь солиод шийдвэр гаргуулж байгаа нь итгэл үнэмшилгүй болгож байна. МАН өөрсдийнхөө хувьд улстөрийн мундаг үйлдэл хийж байна гэж бодож байгаа байх. МАН сонгох, сонгогдох эрх рүү халдсан үйлдэл хийлээ.

Exit mobile version