Дэлхий
Урт амралтын дараа Хятадын үйлдвэр, компаниуд үйл ажиллагаагаа сэргээж байна
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа өвчин дэгдсэнтэй холбогдуулан Билгийн тооллоор тэмдэглэдэг Шинэ жилийн баярын амралтыг сунгасны дараа тус улсын үйлдвэр, компаниудын ихэнх нь үйл ажиллагаагаа өнөөдрөөс эхлэн сэргээж байна. Олон зуун сая ажилтныг ажлын байр руу нь буцаах нь өвчний тархалт улам нэмэгдэхэд хүргэж болзошгүй боловч дэлхийн хоёр дахь эдийн засаг өдөр бүр хэдэн тэрбумын алдагдалд орох аюул нүүрлээд байгаа юм.
“Тахалтай тэмцэх хамгийн хялбар, үр дүнтэй, хямд төсөр арга бол бүх оршин суугчдаас гэртээ хоёр долоо хоног суухыг, мөн хэрэв өвчний анхны шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг хүсэх юм” гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх тусгай комиссын дарга Жун Наньшаний урьд нь мэдэгдэж байжээ. Түүний үзэж байгаагаар, ийм энгийн арга нь халдвар авсан хүмүүсийн ихэнхийг богино хугацаанд хурдан илрүүлэх боломж олгох бөгөөд үүний дараа өвчний дэгдэлт буурна.
Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа энэ үед Хятадын эрх бригчид шинэ жилийн баярын амралтыг хоёр ч удаа сунгасан юм. Эхлээд нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3 хүртэл, дараа нь хоёрдугаар сарын 10 хүртэл сунгажээ. Түүнчлэн олон нийтийг хамарсан соёлын арга хэмжээнүүдийг цуцалж, зугаа цэнгэлийн төвүүд, дэлгүүрүүд, кинотеатрууд, ресторанууд болон бусад байгууллагуудыг хаажээ. Гэртээ зочин урихгүй байж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Хятадын эрх баригчид иргэдээсээ хүссэн байна.
Эдгээр нь тодорхой үр дүнгээ өгч, халдварын голомт болох Хубэй мужаас гадна шинээр халдвар авсан тохиолдлын тоо хоёрдугаар сарын 3-наас 8-ны хооронд хоногт 890-ээс 590 хүн хүртэл буюу 42.8 хувиар буурчээ. Гэвч Хятадын эдийн засаг цаашид сул зогсож болохгүй бөгөөд энэ нь дотоодын төдийгүй тус улсад үйлдвэрлэдэг түүхий эд, эд анги, түүнчлэн борлуулахад бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдээс ихээхэн хамааралтай байдаг дэлхийн эдийн засгийн технологийн салбарын гинжин хэлхээ болон нийлүүлэлтэд саатал гарахад хүргэнэ.
Коронавирусний халдвар дэгдсэний улмаас Хятадын эдийн засагт учрах хохирлыг тооцоолоход арай эрт байгаа хэдий ч үнэлгээний хэд хэдэн агентлагууд тус улсын ДНБ-ий 2020 оны урьдчилсан таамгаа аль хэдийнэ бууруулжээ.
Коронавирусний дэгдэлт нь Хубэй мужийн эдийн засгийн идэвхжлийг сааруулж, Хятадын эдийн засагт бүхэлдээ хүчтэй цохилт өгнө гэж анх мэдэгдсэн агентлаг бол “Moody’s” юм. Тус агентлагийн дараагаар “S&P Global Ratings” болон хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн талаарх таамаглалаа 5 орчим хувь хүртэл бууруулсан байна.