CRI Монгол радио
Индонезийн сураггүй алга болсон шумбагч хөлгийн хүчилтөрөгчийн нөөц дуусахад 72 цагийн хугацаа үлджээ
Лхагва гарагийн өглөө Индонез улсын тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг Бали арлын эргээс 100 км зайд сураггүй алга болсон юм.
KRI Nanggala-402 нэртэй хөлгийн эрэлд зургаан байлдааны хөлөг, нэг нисдэг тэрэгтэй 400 орчим хүн дайчлагдан ажиллаж байна.
Хөрш Сингапур, Малайз улсууд эрлийн ажилд туслахаар хөлгүүдээ илгээсэн бол АНУ, Австрали, Франц, Герман улсууд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Өчигдөр Индонезийн тэнгисийн флотын нэгдүгээр адмирал Юлиус Виджожоно шумбагч хөлгийн хүчилтөрөгчийн нөөц дуусахад 72 цагийн хугацаа үлдсэнийг мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл Бямба гарагт багтаж хөлгийг илрүүлэхгүй бол 53 хүний амийг аврах найдлага тасрах ажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр хөлөг далайн усны гүн рүү шумбах зөвшөөрлийг төвөөсөө авсны дараа холбоо тасарсан байна.
Индонезийн тэнгисийн флот таван шумбагч хөлөгтэй бөгөөд тэдний нэг нь сураггүй болсон KRI Nanggala-402 юм.
Энэ бол тус улсын түүхэнд анх удаа шумбагч хөлөг нь сураггүй алга болсон тохиолдол. KRI Nanggala-402 хөлгийг 1970-аад оны сүүлээр Герман улсад үйлдвэрлэсэн юм. Өмнөд Солонгост хоёр жилийн хугацаанд их засварт орж, шинэчлэгдсэнийхээ дараа 2012 оноос өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэж байжээ.
Хамгийн сүүлд 2017 онд Аргентины 44 хүнтэй шумбагч хөлөг Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болж байв.
Хөлгийг жилийн дараа далайн ёроолоос илрүүлж, дэлбэрэлтийн улмаас живснийг нь тогтоосон юм.
Эх сурвалж: BBC