Боловсрол

С.Оюунбилиг: Японы 20 жилийн өмнөх сургалтын хөтөлбөр, номын агуулга өөрчлөгдөөгүй

Нийтэлсэн

Япон улсын Аомори мужийн Имабэцү хотын захиргааны Боловсролын хэлтсийн Олон улсын харилцааны ажилтан С.Оюунбилигтэй ярилцлаа. Түүний Японд цар тахлын үед цэцэрлэг сургууль болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг хэрхэн тасралтгүй явуулсан тухай тэмдэглэлийг бид хүргэсэн билээ.

-Та Японд цар тахлын үед цэцэрлэг, сургууль хэрхэн хичээллэсэн болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг тасралтгүй явуулсан тухай жилийн турш тэмдэглэл хөтөлсөн байсан. Үүний гол зорилго юу вэ?
-Япон улс 130 сая гаруй хүн амтай. Ковид 19-ээс үүдэж 2020 оны 3-р сард 14 хоног сургуулиа хаасан. Энэхүү 14 хоногийн хугацаанд эрх баригчид дархлаа тогтоох вакцин бүтээж, иргэдийг дархлаажуулахаас нааш халдвар намжихгүй юм байна. Иймд сургууль, цэцэрлэгийг хаах нь ямар ч үр дүнгүй. Харин

  1. хүүхэд багачуудын үнэ мөнгөөр үнэлшгүй сурч мэдэх цагийг булааж,
  2. ар гэрт нь ачаалал үүсгэж,
  3. өрхийн орлогыг хааж, цаашлаад Япон улсын “эрүүл саруул” үйл ажиллагааны механизмыг доголдуулах сөрөг үр дагавартай тул сургууль, цэцэрлэгээ нээх нь зөв гэж шийдсэн

Иймээс жил бүрийн дөрөвдүгээр сард эхэлдэг хичээлийн шинэ жилээс урьдын адил хичээллэж эхэлсэн. Түүнчлэн бид Японы боловсролын системийг сайн гэж ярьдаг ч үүнээс бүтээлчээр суралцаж, Монголынхоо сургууль, цэцэрлэгийн ажиллагаанд ашигладаггүй. Биднээс өөр улс тул бүтэхгүй гээд хэрэгжүүлдэггүй юм шиг санагдлаа. Миний хувьд Японы боловсролын системийг багаасаа мэднэ. Одоо ч Японы боловсролын байгууллагад Олон улсын солилцооны шугамаар ажиллаж буй учир эх орныхоо боловсролын байгууллага болон багш, ажилтнуудад хэрэг болж магад гэж жилийн турш хөтөлсөн тэмдэглэлээсээ заримыг нь нийгмийн сүлжээнд хуваалцсан юм.

ХҮҮХЭД ӨВДӨЖ СУРГУУЛЬДАА ЯВЖ ЧАДАХГҮЙ ҮЕД ХОТЫН ЗАХИРГАА, СУРГУУЛИАС ТУСГАЙ БАГШ ТОМИЛДОГ

-Хөгжлийн хувьд нэлээд ялгаатай учир Япон, Монгол улсыг харьцуулах болон сайн туршлагыг нэвтрүүлэх боломжгүй гэсэн сэтгэгдлүүд таны тэмдэглэлийн дор олон байсан. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Боломжтой гэж бодож байна. Тоног төхөөрөмж, барилга байгууламж, эд материалыг төсөөлөөд харьцуулах боломжгүй гэж яриад байх шиг. Тийм байж болно. Гэхдээ яагаад “Сэтгэлгээг” харьцуулж болохгүй гэж? Жишээ нь, Монгол Улсын нэг захирал багш сургуулийнхаа үүдэнд өглөө эрт зогсоод сурагчид, багш нараа өглөөний мэндчилгээгээр угтаж авч байгаа дүр зураг бараг байхгүй.

Багш хичээлээ заахаас гадна заавал сурагч бүрийнхээ нэрийг хэлж, харилцан ярилцаж, хичээлээ ойлгож байгаа эсэхийг ажиглаж, дотнын туслагч байх ёстой.

Сурагчид “Захирал багш” гэхээр уулзаж ярьж болохгүй “Том хүн” гэж төсөөлдөг. Хүүхдүүдийг тийн төсөөлүүлж байна гэдэг нь сэтгэлгүй захирал багш, сурган хүмүүжүүлэгч нарын доголдол гэж бодож байна. Үүнээс үүдээд нийгэмд хүйтэн харьцааг хүүхдүүдэд бүр багаас нь бий болгож, төлөвшүүлж байгаа юм. Ядаж үүнийг харьцуулж бодож үзэх ёстой.

-Таны тэмдэглэлүүдээс монгол аав ээжүүдийн хүүхдэдээ эзэмшүүлэхийг зорьдог сайн дадал, хүмүүжлийг Японд албан боловсролоор заадаг нь их таалагдлаа. Манай улс үүнийг бодлогоор зохицуулж хараахан чадаагүй байгаад сэтгэл дундуур байна гэж цөөнгүй хүн бичсэн байсан?
-Хүүхэд багачууд ёс суртахуун, зан араншингийн боловсролыг гэрээсээ авч, сурлага мэдлэгийг зөвхөн сургуулиас авна гэж болохгүй. Зөв хүмүүжил, зан араншинтай болгож төлөвшүүлэхэд ар гэр чухал үүрэгтэй ч түүнээс дутуугүй сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллага ч үүнийг давхар үлгэрлэх ёстой. Юуны төлөө багшийн мэргэжил эзэмшиж сурган хүмүүжүүлэгч болсон бэ гэхээр хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлж, зөв хүмүүжилтэй иргэнийг нийгэмд бий болгох үүрэгтэй гэж би бодож байна.

-Таны бодлоор Монгол Улсыг нуруундаа үүрч явах “мундаг” иргэнийг бэлтгэхийн тулд бид хаанаас эхлэх хэрэгтэй вэ?
-Мэндэлж талархах, цаг барьж сурах, хүн хийгээд ан амьтныг гомдоохгүй энэрэнгүй сэтгэлтэй байх, биеэ даах чадвартай байх, шударга байх чухал. Японд сургууль, цэцэрлэгт хүүхдийг багаас нь өмнө дурдсан чанаруудаас гадна худал хэлдэггүй, маргааш хийнэ гэж хойш тавьдаггүй, шалтаг тоочдоггүй, бусдыг хууран мэхэлдэггүй, амласандаа хүрдэг, аливаа ажлын бэлтгэлийг сайн хийдэг, бусдад буруугаа тохдоггүй хүндэтгэлтэй ханддаг, бардам хөөрүү зангүй, хариуцлагаас зугтдаггүй зан араншинтай зөв хүн болгож төлөвшүүлэхэд ихээхэн анхаардаг.Ийм хүмүүжилтэй болсон хүн нийгмийн үнэт баялаг бөгөөд өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, улсынхаа төлөө шударгаар хичээн ажилладаг сайн хүн болж өснө гэж бодож байна.

COVID-19 ДОТООДОД БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙХАД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭ ЖИЛИЙН ТУРШ ХААСАН НЬ ХАРАМСАЛТАЙ

-Монголд ЕБС-ийн чанар, хүртээмж тааруу тул эцэг эхчүүд хувийн сургуульд хүүхдээ сургахыг чармайж байна. Гэтэл тэгэх боломжгүй нь яах вэ, 50-60-уулаа нэг ангид сурч байна. Үүнд олон хүн санаа зовниж буйгаа ч илэрхийлсээр байна?
-Энэ бол үнэхээр манай боловсролын сул тал, нийгмийн гажуудал. Нэг ангид ийм олон хүүхэд сууж, өдөрт бараг хоёр, гурван ээлжээр хичээллэж байгаа нь хэвийн бус зүйл бөгөөд сургалтын чанар, эрүүл ахуй гээд олон зүйлд сөрөг талтай. Багшийн ачаалал маш их.

Японд эрсдэлийн менежментийг хувь хүн, гэр бүл, албан байгууллага, дүүрэг, муж, улс гээд шат дараалан нарийн зохион байгуулсан.

Багш хичээлээ заахаас гадна заавал сурагч бүрийнхээ нэрийг хэлж, харилцан ярилцаж, хичээлээ ойлгож байгаа эсэхийг ажиглаж, дотнын туслагч байх ёстой.

Гэтэл манайд шинээр сургууль, цэцэрлэг барихгүй, зөвхөн орон сууцны барилга барьж байгаа нь яваандаа нийгэмд маш сөрөг талтай. Ийм орчинд орон сууц авсан залуу гэр бүл хүүхдээ сургуульд явуулах боломжгүй учир хүүхэдтэй болохыг хүсэхгүй. Магадгүй үүнээс үүдээд хүн ам өсөхгүй, цаашлаад нийгмийн бусад үйлчилгээнд сөрөг олон хандлага бий болно гэж бодож байна.

-Таны бодлоор цар тахлын үед ч Япон улс амжилттай, тасралтгүй хичээлээ явуулсны гол арга зам юу байв?
-Манай улс 2020 оны 11 сар хүртэл дотооддоо халдвар тархаагүй байсан ч сургууль, цэцэрлэгийг хаасан нь харамсалтай. Энэ хичээлийн жилийг дуустал цахимаар хичээллэх нь тодорхой болсон тул эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын хоцрогдол болоод цаашдын амьдралын чанарт нь хэрхэн нөлөөлөх бол гэж санаа зовох нь аргагүй.

Японд сургалтын уламжлалт чанар сайн. Жил бүр сургалтын хөтөлбөр, агуулга өөрчлөгддөггүй. Хүүхэд өвдөж удаан хугацаагаар сургуульдаа явж чадахгүй тохиолдолд ч хичээлээ бие дааж үзэх боломжоор хангадаг. Хотын захиргаа болон сургуулиас туслах тусгай багш ч томилдог. Би анх 2000 онд Японы хоёр дахь том хот болох Осака хотын бага сургуульд сурч байхад үзэж байсан япон хэл, түүх, математик, дуу, биеийн тамир зэрэг хичээлийн хөтөлбөр, агуулга одоо ч хэвээрээ. Би 20-д жилийн дараа Японы зүүн хойд нутгийн Имабэцү хотын захиргааны Боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллаад дөрвөн жил болж байна. Гэтэл 20-иод жилийн өмнө үзэж байсан сургалтын номын агуулга бараг өөрчлөгдөөгүй байна.

Хэрвээ сургууль, цэцэрлэгийг хаавал гарч болзошгүй сөрөг үр дагаврыг тооцож буй тул хөл хорио тогтоох хувилбарыг сонгоогүй. Хүүхэд багачуудын ирээдүй буюу сурч боловсрох цагаас хулгайлдаггүй.

Япон хэл гэхэд үзэх цээжлэх шүлэг, зохиол мөн адил байна. Түүх ч ялгаагүй. Ёс суртахууны хичээлийн хөтөлбөр ч мөн ялаагүй. Зөвхөн хүүхэд багачууд улам сайн ойлгуулах хувилбараар сайжирсан байна. Түүнчлэн хөтөлбөр өөрчлөгдөөгүй байна гэдэг нь хичээл зааж буй багш нарт ч амар. Учир нь багш нар жилийн жилд өөрчлөгдөж ирэх хөтөлбөрөө боловсруулах гэж цаг алдахгүй гэсэн үг. Мөн багш нарын боловсруулсан хөтөлбөр чухам зөв эсэхийг багш нар ч мэдээгүй байдаг ба хичээлээ заах бүрд багш нар өөрсдөө ч анзаардаг тул эцсийн эцэст хүүхэд багачууд хохирдог.

Мөн ийнхүү Японы Улсын Боловсролын хэлтэст ажиллах явцад ойлгосон зүйл гэвэл “Боловсролын газар юуны төлөө байна вэ?” гэвэл “Төрийн албан хаагчид хэний төлөө, юуны төлөө ажиллаж байгаагаа ухамсарласан байх ёстой. Хэрвээ сургууль, цэцэрлэгийг хаавал гарч болзошгүй сөрөг үр дагаврыг тооцож чаддаг, хариуцлагатай хүмүүс байдаг тул хэзээ ч тийм хувилбарыг сонгохгүй гэсэн бат итгэл үнэмшилтэй байдаг. Товчхондоо шийдвэр гаргагчид ухамсартай ажилтан байдаг тул хөл хорио тогтоох хувилбарыг сонгохгүй байгаа юм. Бас багш, хүүхдүүд ариун цэврийн дэглэмийг сайн дагаж өвчнөөс сэргийлж байна. Хүүхэд багачуудын ирээдүй буюу сурч боловсрох цагаас хулгайлдаггүй.

Бид Япон болон бусад хөгжингүй орноос боловсролын чанараар хоцорч яваа. Гэтэл цар тахлын улмаас бараг жил хагас сургууль, цэцэрлэгээ хааснаас үүнийг бүр л холдууллаа. Даяаршлын энэ үед хүүхдүүд япон хүүхдүүдтэй ч нэг дор ажиллаж, хамтдаа хөгжинө. Ер нь боловсролтой улсын иргэд боловсролтой улсын иргэдтэй нэг дор ажиллаж, нэг гудамжаар алхаж улс орноо хөгжүүлж чадах нь лавтай.

-Цар тахал, газар хөдлөлт, бусад гамшгийн үед ч эрсдэлийг тооцож, тасралтгүй үйл ажиллагааг хангах ямар бодлого, шийдэл Японд байдаг вэ. Эрсдэлийн менежментийн тухай ярьж өгөхгүй юу?
-Японд эрсдэлийн менежментийг хувь хүн, айл гэр бүл, албан байгууллага, дүүрэг, муж, улс гээд шат дараалан нарийн зохион байгуулсан. Сургууль, цэцэрлэгт энэ тухай хичээлийг сайн ордгийг “Японы хүүхдийн цэцэрлэгт өнжсөн тэмдэглэл” дээр бичсэн. Улс бүр нөхцөл байдал, байгаль, цаг уурын онцлог, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон зүйлд тохирсон шийдвэр гаргах нь зөв байх. Бусад оронтой харьцуулахад Монгол улс сургууль, цэцэрлэгээ жилийн турш хаасан нь харамсалтай. Өвчин гараагүй байх үед танхимаар хичээллүүлэх нь зөв байсан.

-Та энэ хүртэл Японд амьдрахдаа хамгийн сайн ойлгосон зүйл юу вэ. Таны хэлэх дуртай үгээр өндөрлөе.
-Хамгийн сайн ойлгосон зүйл бол зүгээр сууж болохгүй. Аливаа зүйлийг бодож байвал үүнийг биелүүлэхийн тулд хүн ажил хийнэ. Ажил хийж эхлэхэд /бүтэлгүйтсэн ч/ ямарваа нэгэн байдлаар эцэстээ бүтдэг. Ажлаа бүтээхийн тулд туслалцаа авч болох ч бусад хүнд дарамт болж болохгүй. Бие даасан, хариуцлагатай, шударга байж, хүний санаа бодлыг ойлгож, тусалж сурах хэрэгтэй. Зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, ажил хэргээ бүтээж болохгүй. Хэзээ ч хэн нэгнийг гомдоож болохгүй гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Exit mobile version