Засгийн газар
Ирэх долоо хоногт Монгол, Хятадын хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг хэвийн болгох арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.
БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй энэ сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд, өөрийн орны удирдлагууддаа уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.
Цар тахлын хүндхэн цаг хугацаанд хөрш орны болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэх манай улсын үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлж, вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэргийг хандивлахын зэрэгцээ арилжааны шугамаар вакцин нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж буйд Элчин сайд Цай Вэньруйд мөн тусгайлан талархал илэрхийлэв.
КОВИД-19-ийн эсрэг вакцины дараагийн нийлүүлэлтийг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийн талаар мөн талууд ярилцлаа.
Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэвийн явуулах боломжийн талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцах тухайгаа хэлсэн юм. Энэ хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр цаашид ч идэвхтэй арга хэмжээ авах талаар талууд ярилцав гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.