CRI Монгол радио

Эв нэгдэл, хамтын ажиллагаа нь тахлын эсрэг хамгийн хүчтэй зэвсэг юм

Нийтэлсэн

Жил бүрийн 4-р сарын сүүлчийн долоо хоног бол бүх насны хүмүүсийг өвчнөөс хамгаалах вакцинжуулалтыг сурталчлах зорилготой “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” юм. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа үед вакциныг боловсруулж, вакцинжуулах ажиллагаа нь илүү яаралтай бөгөөд үнэ цэнэтэй юм.

Сүүлийн үе, Энэтхэг улсад халдварын шинэ тохиолдол өдөр бүр 300 мянгаар нэмэгдэж, эмнэлгийн систем дампуурах дөхсөн бөгөөд вакцины тоо ч хангалтгүй байна. Хэдийгээр засгийн газраас вакцины бүх экспортыг зогсоосон хэдий ч олон мужид хэдхэн хоногийн нөөц үлдээд байна. Алдарт анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд, тахал өвчнийг даруй хянахгүй бол 6-р сарын эхний долоо хоногт Энэтхэгт өдөр бүр нас барах хүний тоо 2300-г давж магадгүй гэж мэдээлжээ.

Энэхүү хүмүүнлэгийн гамшгийн өмнө Энэтхэгийн засгийн газар холбоотон АНУ-аас нэн даруй “тусламж эрэлхийлэв”. Гэхдээ харин Америкийн татгалзалд учирчээ.

Орон нутгийн цагаар 4-р сарын 22-ны өдөр вакцины түүхий эдийн экспортыг хэзээ гаргах вэ гэсэн асуултад АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Прайс, өдгөө дотоодын тахлыг хянахад анхаарлаа төвлөрүүлж, Америкийн ард түмэнд вакцин тарихыг урьтал болгоно, нөхцөл байдал боломжтой үед “илүү их зүйл хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Харин Хятад улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн сард цохон тэмдэглэхдээ, Хятад улс одоогоор дэлхийн 80 орон, олон улсын 3 байгууллагад вакцины тусламж үзүүлж, 40 гаруй оронд вакцин экспортлон, вакцины судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй улстай хамтран ажиллаж байна.

4-р сарын 22, 23-ны өдрүүдэд болсон хоёр удаагийн хэвлэлийн бага хурал дээр Энэтхэгт тахлын яаралтай байдлын талаар асуухад Хятадын талаас найрсаг дохио уламжилж, Энэтхэгт шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж Гадаад харилцааны яамныхан илэрхийлжээ.

Форбс сэтгүүл, Их Британийн Airfinity компанийн хамтран гаргасан тоо бүртгэлээр, энэ оны 3-р сарын байдлаар АНУ 164 сая орчим тун вакцин үйлдвэрлэсэн боловч эдгээр вакцинуудыг бүгд өөрсдийн хэрэгцээнд зориулсан бөгөөд экспортын хэмжээ “0” байна. Хятадад үйлдвэрлэсэн 229 сая тун вакцинаас 109 сая тунг экспортолсон нь нийт үйлдвэрлэлийн 48% -ийг эзэлж, бусад үйлдвэрлэгч орнуудаас бүгд давжээ. Энэ нь “Америк эн тэргүүнд байх” мөн үү хэмээн “Форбс” сэтгүүлээс эргэлзээ илэрхийлсэн бол нийтлэлдээ Хятадад үйлдвэрлэсэн вакцины тал хувийг дэлхийн бусад улс оронд нийлүүлсэн гэдгийг онцолжээ.

Цар тахал дэлхий дахинд тархсаар байна. Олон төрлийн вакцин зах зээлд гарч байгаа хэдий ч дэлхийн хангамж хүндрэлтэй байсаар юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэлэхдээ, чинээлэг орнуудад вакциныг ихээр нөөцөлж буй нь бусад улс орны вакцины нийлүүлэлтийг хязгаарлав. Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Георгиева засгийн газрууддаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, вакцины үйлдвэрлэл, түгээлтийг түргэтгэх, экспортын хяналтаас зайлсхийх, ядуу буурай орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалав.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, Монгол улсад өдөр бүр мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлын нөхцөл байдал улмаар хүндэрч байна. 2020 оны 11-р сард Монгол улсад коронавиурсийн анхны тохиодол батлагдаж байсан бол өдгөө халдварын нийт тоо 30000-аас давсан байна. 3.2 сая гаруй хүн амтай Монгол улсын хувьд нэг хүнд ногдох халдварын түвшин ойролцоогоор 1% байна, энэ нь маш ноцтой асуудал юм.

МУИХ-ын дарга Г.Занданшатар саяхан чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ, Хятад улсын жишээг харах хэрэгтэй. Тэд эдийн засгаа ч өсгөөд, ковидын халдвараа ч хяналтдаа оруулсан байна. Хэдийгээр дэлхийн томоохон улс орнуудтай харьцуулахад манай улсад харьцангуй цөөн тун вакцин шаардлагатай байгаа ч вакцин олж авах асуудал амаргүй байгаа. Вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхээс өөр сонголтгүй байна гэжээ.

4-р сарын эхээр Хятад, Монгол хоёр орны Ерөнхий сайд нар халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, бэрхшээлийг хамтдаа даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг онцлон тэмдэглэв. Цар тахлын нөхцөл байдалд, Хятад улс Монгол улсын яаралтай хэрэгцээг цаг тухайд нь шийдвэрлэж, вакцины туслалцаа үзүүлэх ажлыг түлхүү хийхээс гадна вакцин худалдан авахад нэн тэргүүнд анхаарч, чадлын хирээр дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

Одоогийн байдлаар Монгол улс нийт 1.76 сая тун вакцин аваад байгаагаас 85% -ийг Хятадаас нийлүүлжээ.

Вакцинжуулалтын хурд нь хүн ба халдварын тархалтын ирээдүйг тодорхойлж байна. Вакцины судалгаа, боловсруулалт нь дэлхийн эрдэмтдийн хамтын ажиллагаа шаарддаг бол вакцины нийлүүлэлт тээвэр нь дэлхийн өнцөг булан бүрт логистикийн сүлжээнд нэвтрэх шаардлагатай. Дэлхийн эдийн засгийн сэргэлт нь дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ, хангамжийн сэргэлттэй салж чадахгүй юм.

Вируст улсын хил хязгаар гэж байхгүй. Цар тахлын аюул нүүрлэхэд аль ч улс дангаараа тэмцэж чадахгүй бөгөөд туйлын аюулгүй “хоргодох газар” гэж үгүй юм. Эв нэгдэл, хамтын ажиллагаа бол тахлын эсрэг хамгийн хүчирхэг зэвсэг, бие биендээ тусалж, эх дэлхийн сайн сайхан гэр орноо хамтдаа хамгаалцгаая.

Exit mobile version