Дэлхий

КАЗАХСТАН: Үймээнээс дүрвэсэн иргэд нутаг буцаж байна

Нийтэлсэн

Казахстаны өмнөд хэсэгт болсон олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал эхэлсний дараа Киргизийг зорьсон казахстанчууд эх орондоо эргэн ирж байгаа талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Энд дуулгахад, бямба гаригт шилжих шөнө Казахстаны өмнөд хэсэг дэх Жамбыл мужийн Кордайск дүүрэгт эмх замбараагүй байдал үүссэн юм. Сүүлийн үеийн мэдээллээр эмх замбараагүй байдлын улмаас 10 хүн амиа алдаж, 50 хүн эмнэлэгт хүргэгдсэн бол 50 орчим хүн баривчлагджээ. Мөн хувийн 25 байшин, 31 арилжааны объект, 41 машин шатсан байна.

 

“Радио Свобода” агентлагийн мэдээлснээр, Казахстан, Киргизийн хил дээр байх Сортобе, Масанчи суурингуудад болсон олныг хамарсан зодоонд 1000 гаруй хүн оролцжээ. Эмх замбараагүй байдалд оролцогчид галт зэсвэг ашигласан байна.

 

Казахстаны Мэдээллийн сайд зодооны шалтгаан нь ахуйн сөргөлдөөн байсан гэж мэдэгдсэн ч тус улсын Дотоод хэргийн яам ястан хоорондын зөрчилдөөнөөс үүдэн мөргөлдөөн гарсан байхыг үгүйсгэсэнгүй. Эмх замбараагүй байдал үүссэн бүс нутагт дунганчууд олноор амьдардаг бөгөөд энэ ястны төлөөлөгчдийн ихэнх нь Хятадын нутаг дэвсгэрт амьдардаг. Тэд ислам шүтлэгтэй бөгөөд сино-төвөд бүлгийн хэлээр ярьдаг аж.

 

Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, жолооч нар нэгэндээ зам тавьж өгөөгүйгээс үүдэн маргаан гарч, улмаар дунган болон казахууд талцан зодоон үүсгэж, олныг хамарсан эмх замбараагүй байдал бий болгожээ.

 

Улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тул хоёрдугаар сарын наймны үдэш Казахстанаас Киргиз рүү 4,5 мянга орчим хүн дүрвэсэн байна. Үүний дараа Казахстаны эрх баригчид эмх замбараагүй байдлын улмаас дүрвэсэн хүмүүсийг эх орондо эргэн ирэхийг уриалжээ.

 

Одоо Кордайскд нөхцөл байдал тайван байгаа гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд өдөөн хатгагчид болон эмх замбараагүй байдлыг таслан зогсоогоогүй төрийн албан хаагчдыг хариулагад татна хэмээн онцолжээ.

 

Дашрамд дуулгахад, Казахстанд өмнө нь ч  казахууд болон бусад угсаатнуудын /тажик, чечен, турк/ төлөөлөгчдийн хооронд сөргөлдөөн гарч байлаа. Тухай бүрт эрх баригчид энэ нь угсаатан хоорондын сөргөлдөөн биш, ахуйн чанартай хэрэг хэмээн мэдэгдэж байсан юм

 

Г.Бямбасүрэн

Exit mobile version