Энтертайнмент

Google, Microsoft-ын энэтхэг захирлууд эх орондоо тусална

Нийтэлсэн

Google компанийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай, Microsoft-ын Гүйцэтгэх захирал Сатья Наделла нар Энэтхэг улсад коронавирусний халдварын нөхцөл байдал хүнд байгаа тул яаралтай тусламж үзүүлэхээр болжээ.

Энэтхэг гаралтай Гүйцэтгэх захирлууд эх орондоо эмнэлгийн хүчилтөрөгч, техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Сатья Наделла Твиттер хуудсандаа “Энэтхэгийн өнөөгийн байдал миний зүрхийг шархлуулж байна” хэмээн бичжээ. Тэрбээр мөн “АНУ-ын Засгийн газар тусламж үзүүлэхээр ажиллаж байгаад талархаж байна. Microsoft өөрийн нөөц, технологийг ашиглан тусламжийн ажилд гараа сунгаж, Энэтхэгт хүчилтөрөгчийн чухал төхөөрөмжүүдийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх болно” гэсэн байна.

Сундар Пичай “Ковидын хямрал улам бүр дордож байгааг хараад сэтгэлээр унаж байна” гээд Google болон тус компанийн ажилтнуудын зүгээс 1.35 тэрбум рупигийн (18 сая ам.доллар) тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Наделла, Пичай нар энэтхэг гаралтай дэлхийн хамгийн амжилттай яваа гүйцэтгэх захирлуудын төлөөлөл юм. Сатья Наделла Энэтхэгийн өмнөд нутгийн Хайдерабад хотод төрсөн, Microsoft компанид 1992 оноос хойш ажиллаж байгаад 2014 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон бол Сундар Пичай Энэтхэгийн Тамил Надуд төрсөн, 2004 оноос Google-д ажиллаж, 2015 онд гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Exit mobile version