Эрүүл мэнд

Ж.Байгалмаа: Тархалт өндөр үед вакцинжуулалтыг өргөжүүлэхэд вирусний мутац үүсэх эрсдэлтэй

Нийтэлсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Хөл хорионы хугацаа уртсах тусам өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна гэсэн тооцоолол байна. Гэрээр нас барах тохиолдол сүүлийн үед бүртгэгдэхгүй байгаа” гэлээ.

Хувь хүмүүс хөл хорионы дэглэмээ баримталж, нийгмийн харилцаагаа аль болох багасгаснаар бие биедээ халдвар дамжуулахгүй байх юм. Нэг байранд амьдардаг байлаа ч бие биенийхээрээ орох зэргээр харилцаа үүсгэхгүй байхыг ЭМЯ-наас уриаллаа. Мөн иргэд та бүхэн салхилахдаа нэг газар олноороо бөөгнөрөхгүй байх нь хөл хорионы үр дүнд чухал нөлөөтэй юм.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хатуу хөл хорионы үр дүнгийн талаар “Энэ хугацааг ашиглаад бид дараагийн давлагаандаа бэлдэх, хөл хорионы дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх тал дээр тооцооллоо хийх шаардлагатай болж байна. Хөл хорионы бас нэгэн чухал ач холбогдол бол вакцины үр дүнг хадгалах. Монгол Улсад дархлаажуулалт явагдаж эхэлсэн ч халдварын тархалт өндөр байгаа үед вакцин хийлгэсэн хүмүүс ч халдварт өртөх эрсдэл бий болж байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.4 хувь нь ковидын халдварт өртсөн. Халдвар өргөн хүрээнд тархсан учраас вакцинд хамрагдсан хүмүүсийг халдварт өртүүлэхгүй байх арга хэмжээ авахад хөл хорио чухал ач холбогдолтой. Дараагийн ач холбогдол нь халдварын тархалт өндөр байгаа үед вакцинд хамрагдалтыг өргөжүүлэхэд вирусний мутац үүсэх эрсдэлтэй байдаг, дэлхий нийтэд вирусний шинэ хувилбаруудаар үүсгэгдсэн дэгдэлт их байгаа энэ үед вирусний мутацийн судалгааг аваад, мэдээллүүдээ нэгтгэхэд хөл хорионы хатуу дэглэм ач холбогдолтой. Мөн аймаг, орон нутагт халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.

Манай улсад өнөөдрөөс /2021.04.27/ 45-аас дээш насныхан вакцинжуулалтад хамрагдаж эхэлжээ.

Монголд коронавирусний мутацид орсон хувилбараар өвчилсөн 5 тохиолдол батлагдсан юм. Мутацид орсон коронавирусний шинжилгээг Японд хийж байгаа аж.

Exit mobile version