Улс төр

АН-ынхан нэгдэж чадалгүй ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ өнжих үү!

Нийтэлсэн

Хоёр ч парламент дараалж ялагдал хүлээсэн улс төрийн хоёр дахь хүчин болох АН дотроо хоёр хуваагдаж, хоёр толгойтой болоод удаж байна. Нэг толгой нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, нөгөө толгой нь УИХ-ын гишүүн Ц.Туваан. Намын даргын сунгаа нь хүртэл хоёр талд зэрэг шахам явагдаж С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ.

Хоёр тал хоёулаа М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан ч нийт шүүгчдийн хуралдаанаар хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс тэдний өгсөн хүсэлтийг намын дотоод асуудал гэж үзсэн тул бүртгэхээс татгалзсан юм.

Ингэснээр ирэх зургаадугаар сарын 09-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН оролцох боломжгүй болох нөхцөл үүслээ. Хэрэв тэд намын дотоод асуудлаа нэг тийш нь шийдэж эс чадваас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй байдалд хүрнэ.

Үүнийг олж харсан гэхээсээ илүүтэй үнэнд гүйцэгдсэн Ц.Тувааны тал С.Эрдэнийн талыг ширээний ард сууж, асуудлаа шийдэхийг уриаллаа. Өөрөөр хэлбэл, Ц.Тувааны талаас АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын даргыг бүртгүүлэх хоёр талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ цэнхэр байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд Майнбаярын Тулгат Tulgat Mainbayar тэргүүтэй нөхдөө урьж байна. Яг энэ үед бид хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Хэн, хэнийг нь бүртгэхээс татгалзсан шүүхийн шийдвэрийг хүлээж авсан М.Тулгат, О.Цогтгэрэл нар цаг хугацаа алдалгүй ширээний ард сууж, асуудлаа шийдэх нь зөв ч намын дотоод хагарал, зөрчлийг ганц удаа ярилцаад шийдэх боломжгүй. Боломжтой байсан бол М.Тулгат, О.Цогтгэрэл нар биш аль өмнө нь С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр шийдчих байлаа. Тэгээд ч О.Цогтгэрэлийн энэхүү хүсэлтийг С.Эрдэнэ тэргүүтэй М.Тулгат нар хүлээж авах нь юу л бол. Учир нь, хуулийн дагуу С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа. Харин Ц.Туваан бол АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч.

Харин хүлээж авлаа гэхэд цаг хугацааны хувьд нэгэнт оройтсон ч байж мэдэх. Учир нь, хуульд зааснаар парламентад суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ энэ долоо хоногт тодруулж, нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.  Өөрөөр хэлбэл, тэдэнд долоо ч хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн гэсэн үг.

Энэ хугацаанд ширээний ард асуудлаа шийдэж, гарсан шийдвэр шийдлээ Улсын Дээд шүүхэд хүргүүлж, түүнийг нь Улсын Дээд шүүх хэлэлцэж шийдвэр гаргах зэргээр хугацаа алдах нь тодорхой болжээ. Эндээс харахад АН-ынхан дотоод маргаан, “хоёр толгой”-оосоо болж энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өнжих магадлал өндөр байна.

Exit mobile version